Нийт 165.5 мянган тонн үр тариа импортолжээ

Оны эхний найман сард Монгол Улс нийт 82.9 сая орчим ам.долларын үнийн дүн бүхий газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүн импортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 30 орчим хувиар өссөн дүн болжээ.


Үүний дийлэнхийг буюу 55 гаруй хувийг үр тарианы импорт дангаараа бүрдүүлж байна. Нийт 165.5 мянган тонн үр тариа импортолсон нь дотоодын хэрэглээний 27 орчим хувь болж байгаа ажээ. Ургац хураалтын нөхцөл байдлаас хамаараад Монгол Улс үр тариаг импортлох эсэхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шийдвэрлэдэг.


Өнгөрсөн онд ургац хураалт тааруу байсан тул энэ оны эхэнд улаанбуудайг зарим татвараас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн юм. Хэдий тийм боловч энэ хугацаанд нь ОХУ улаанбуудайн экспортоо зогсоосон тул энэхүү шийдвэр үр ашгаа өгөөгүй талаар гурил үйлдвэрлэгчид онцолж байна. Мөн “COVID-19”-ийн халдварын нөлөөгөөр гурилын борлуулалт IV, V сард 20 орчим хувиар буурсан гэж “Миллхаус” компани мэдээллээ.


Харин “Түмэн шувуут” компанийн хувьд борлуулалтад нь өөрчлөлт гараагүй болохыг дурдсан юм. Увс аймагт газар тариалангийн үйл ажиллагаа эхлүүлээд байгаа тус компани энэ онд ургац хураалт сайн байх төлөвтэй байгааг онцоллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ