Сайд Н.Энхтайван ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевтэй уулзлаа

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевтэй 2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр уулзав. 


Гадаад харилцааны сайд Н.Энхтайван уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын удирдлагаас ноён А.В.Гордеевт илгээсэн мэндчилгээг уламжилж, түүний Монгол-Оросын харилцааны хөгжилд оруулсан хувь нэмрийг монголын тал өндрөөр үнэлдгийг тэмдэглэв.


Н.Энхтайван сайд монголын тал энэ өдөр хүчин төгөлдөр болсон “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-ний үндсэн дээр Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ОХУ-ын парламент зэрэг бүхий л байгууллагатай цаашид ч идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлэв.



Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг  2021 онд тэмдэглэх хүрээнд ОХУ-ын Холбооны Зөвлөл, Төрийн Думын удирдлагыг Монгол Улсад айлчилна гэж итгэж буйгаа илэрхийлж, хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхэд ОХУ-ын Төрийн Думын зүгээс дэмжиж ажиллахыг хүсэв.


ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ” нь хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжийг нээсэн түүхэн ач холбогдолтой гэрээ болохыг онцлон тэмдэглээд хоёр талын худалдаа, эдийн засаг, зам тээвэр зэрэг бүх салбарын хамтын ажиллагаа болон Монгол Улс-Евразийн эдийн засгийн холбооны хамтын ажиллагаа, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулахад бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.


Түүнчлэн Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхийн тулд парламент дахь найрамдлын бүлгүүд болон засгийн газрын байгууллагууд, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон шинэ механизм байгуулж ажиллах санал дэвшүүлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ