УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:Эрсдэлээс гаргахын тулд өвс, тэжээлийн аж ахуйн үйл ажиллагааг сэргээх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа зарим аймагт өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа тул төр засгаас анхаарах шаардлагатай талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Цаг үеийн асуудалтай холбогдуулан Ерөнхий сайдад хэд хэдэн хүсэлт хүргүүлж байна. Зарим аймагт, тэр дундаа баруун бүсийн аймгуудад өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна. Эрсдэлээс гаргахын тулд өвс, тэжээлийн аж ахуйн үйл ажиллагааг сэргээх  хэрэгтэй. 1990 оноос өмнө өвс, тэжээлийн аж ахуй олон байсан. Эдгээр тэжээлийн аж ахуйг сэргээх хэрэгтэй байна. Тиймээс 2021 оны улсын төсөвт тэжээлийн аж ахуйн үйл ажиллагааг сэргээх хөрөнгийг тусгах хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлж байгаа юм. Засгийн газар малчдаа эрсдэлээс хамгаалах цаг болсон. Мөн тэжээл импортлох асуудлаар  шийдвэр гаргах ёстой.

Өвс, тэжээлийн үнэ өмнөх жилүүдээс хэд дахин өссөн байна. 2019 онд 25 кг өвс Дорнод, Сүхбаатар аймагт 2500 төгрөг байсан. Гэтэл өнөөдөр 18 кг өвс 5000-6000 төгрөгийн үнэтэй байна. Улаанбаатар хотод 11000-12000 төгрөгийн үнэтэй болсон. Өвс тэжээлийг баруун аймгууд руу тээвэрлэн хүргэхэд 20 мянган төгрөг хүрдэг болсон” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ