Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-руу албан ёсны айлчлал хийнэ
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Оросын Холбооны Улс руу албан ёсны айлчлал ойрын хугацаанд хийх гэж байна. Уг асуудлыг яг одоо Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаа аж.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн манай улсад хийж буй айлчлал үргэлжилж байгаа. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-г хүлээн авах ажиллагаанд оролцсон бүх хүнийг журмын дагуу тусгаарлахыг холбогдох байгууллагуудаас мэдээлж байсан. Энэ дагуу ГХ-ны сайд Н.Энхтайван ч тусгаарлагдах ёстой.
Гэхдээ ОХУ-ын талд одоогийн нөхцөл байдлаа танилцуулсны үндсэн дээр уг айлчлалыг зохион байгуулж байгааг эх сурвалж хэллээ. Өөрөөр хэлбэл, хоёр улсын Засгийн газрын түвшинд ойлголцсон учраас туслаарлалтын хоногийг дуусгалгүйгээр уг айлчлалыг зохион байгуулж байгаа юм байна.
Энэ удаагийн айлчлал нь COVID 19-ийн халдвар дэгдсэнээс хойш манай улсаас ОХУ-д хийж буй анхны айлчлал юм. Айлчлалын гол зорилго нь манай улсын нутаг дэвсгэрээр дамжин холбогдох “Сила Сибири-2” хийн хоолойн төслийн асуудал ажээ. Түүнчлэн өмнө нь хийгдэж байсан хоёр улсын хоорон дахь яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэх, худалдаа эргэлтийг нэмэгдүүлэх асуудлыг ярилцах юм байна.
Хийн хоолойн төслийн тухайд 2019 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалаас хойш ОХУ-Монгол-Хятадыг холбох “Сила Сибири-2" төсөл дахин яригдаж эхэлсэн билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй уулзах үеэрээ төслийг эхлүүлэхийг үүрэг болгосон бөгөөд зураг төсөл-хайгуул шинжилгээний ажлыг 2020 онд багтаан дуусгахаар “Газпром” компани төлөвлөсөн талаар мэдээлж байв.
Харин манай улсын хувьд ҮАБЗ-өөс байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааг бодлого, зохион байгуулалтаар хангаж ажиллах зорилго бүхий Ажлын хэсгийг тухайн үеийн Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан байгуулах шийдвэр гаргасан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ