Монгол Улсын валютын нөөц 18.2 хувиар буурчээ
Монгол Улсын эдийн засгийн төсөөллийн талаар Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч С.Болд танилцууллаа.
Энэхүү төсөөлөл, төлөвийг боловсруулахдаа 2020 оны эхэн үеэс наймдугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацааны нөхцөл байдлыг үндэслэжээ.
2020 оны эхний хагаст Монголын эдийн засаг 9.7 хувиар агшсан. Нийлүүлэлт талаас хөдөө аж ахуйн салбар л өсгөх чиглэлд нөлөөлсөн бол уул уурхай, боловсруулах үйлдвэр, газрын тосны үйлдвэрлэл зэрэг бусад салбар нь эдийн засгийн өсөлтийг сааруулах чиглэлтэй байв.
Гадаад эдийн засгийн цохилт нь дотоодын эдийн засагт хүчтэй нөлөөлсөн гэдгийг Ахлах эдийн засагч С.Болд онцлов. Үүний улмаас Бараа, үйлчилгээний экспорт 31.2 хувиар буурч, урсгал дансны алдагдал Дотоод нийт бүтээгдэхүүн/ДНБ/-ий -14.7% болжээ.
Санхүүгийн дансны ашиг ДНБ-ий 7.1% болж буурснаар төлбөрийн тэнцэл $679 сая алдагдалтай гарч өмнөх оны мөн үеэс $1.1 тэрбумаар муудсан байна.
Мөн валютын нөөц зургаан сарын дотор 18.2 хувиар буурчээ. Харин төсвийн алдагдал ДНБ-ий -11.5% болж эрс нэмэгдсэн бол тодотгол хийснээр оны эцэст -9.9%-тай байх хүлээлттэй байгааг ахлах эдийн засагч С.Болд хэллээ.
Түүнчлэн тэрбээр "Боловсруулах, тээвэр аж ахуй, үйлчилгээний секторт ажиллагсдын тоо энэ оны эхний хагаст 27,939-өөр цөөрсөн. COVID-19 цар тахлын нөлөөлөл нь экспортыг огцом муутгасан, гадаадын хөрөнгө оруулалт эрс багассан. Хувийн хэрэглээ л эдийн засгийг тэтгэж байгаа ч дээр дурдсан сөрөг нөлөөллийг нөхөж чадахгүй байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ