Бодлогын хүүг бууруулсан нь холыг харсан шийдвэр мөн үү?
Коронавирусийн халдвар тархаж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Монголбанк эдийн засгийн идэвхжил суларч буй энэ үед мөнгөний бодлогын хүүгээ нэг хувиар бууруулж, 8 болгов. Ийнхүү бодлогын хүүг 2020 он гарснаас хойш гурван удаа тус тус нэг нэгж хувиар буулгалаа.
Улсын хэмжээнд инфляц долоодугаар сарын байдлаар 3.4 хувьд хүрч, Tөв банкны зорилтот түвшнээс доош орж ирсэн юм. Энэ нь бодлогын хүүг бууруулах суурь нөхцөлийг бүрдүүлжээ. Ер нь үнэ тогтвортой байна гэдэг нь иргэдэд ашигтай байдаг. Учир нь бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн өөрчлөлт бол худалдан авалт хийж буй хэрэглэгчид, мөнгөө хадгалуулж буй хадгаламж эзэмшигчид, эсвэл хөрөнгө оруулалт хийж буй бизнесийн байгууллагууд гээд хэн бүхэнд шууд нөлөөтэй.
Харин үнэ тогтворгүй үед иргэдийн бодит орлого буурах, ядуурал нэмэгдэх, нийгэмд тэгш бус байдал даамжрах гэх мэт олон сөрөг тал бий болдог. Инфляцыг тогтвортой байлгахын тулд төв банкнаас явуулж буй мөнгөний бодлого ихээхэн чухал үүрэгтэй юм.
Мөнгөний бодлогын хүү нэг хувиар бууруулсан нь эдийн засагт хүчтэй нөлөөлж чадах уу гэдэгт эдийн засагчид эргэлзэж буй. Зарим нь бодлогын хүүг нэг хувиар багасгасан нь далайц муутай шийдэл гэж дүгнэсэн. Угтаа Төв банк бодлогын хүүгээ бууруулж байгаагийн үндсэн шалтгаан нь санхүүгийн системийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглүүлж, улмаар санхүүгийн зуучлал хэвийн үргэлжилж, санхүүжилтийн өртөг бага байлгахад дэмжлэг болохыг зорьж байгаа юм. АНУ-ын Холбооны Нөөцийн банкны удирдлагын олон нийтэд өгсөн мэдээлэлд маш тодорхой тайлбарлажээ. Бодлогын хүүг бууруулснаар вирусийн тархалтыг зогсоохгүй ч санхүүжилтийн өртөг зардлыг бууруулснаар эдийн засагт дэмжлэг үзүүлнэ гэж мэдээлсэн.
Бодлогын хүү яагаад ийм чухал байдаг талаар тайлбарлая. Бодлогын хүү гэдэг Төв банк болон арилжааны банк хоорондын зээл, хадгаламжийн хүүний суурь хүү юм. Энэ нь цаашаа банк болон ААН, иргэд хоорондын зээл, хадгаламж зэрэг хэлцлийн суурь хүү болдог. Бодлогын хүүг бууруулах нь бизнесийг идэвхжүүлж зээлийг аль болох эдийн засаг руу гаргах зорилготой. Өөрөөр хэлбэл, банкнуудын нөөц төв банкны үнэт цаасанд байрших таатай боломжийг бууруулж байгаа юм.
Угтаа үйл ажиллагаагаа зогсоож, санхүүгийн хүндрэлд орсон компаниудад эргэж хөл дээрээ тогтохын тулд зээл хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүд ч хэвийн үйл ажиллагаандаа шилжиж, бодлогын хүүгийн нөлөө ч гарч эхэлнэ. Эдийн засагт их хэмжээний мөнгө эргэлдэх хэрээр идэвхжил нь нэмэгдэнэ. Мөн дэлхийн зах зээлд газрын тосны ханш өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хоёр дахин хямдарсан нь ханшийн дарамтыг хөнгөлж байна. Зах зээлд үүссэн энэ нөхцөл нь мөнгөний зөөлөн бодлого явуулж, эдийн засгаа тэтгэх боломж олгов. Мөнгөний бодлогын хүүг бууруулсан нь холыг харсан шийдвэр гэж дүгнэж болох юм.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ