Х.Баттулга: Ийм хэмжээний төмөр замыг дотоодын нөөцдөө тулгуурлан хийж буй улс одоогоор дэлхийд байхгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.12/ Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ “Жаахан шарга” театрт тус аймгийн иргэдтэй уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уулзалтыг нээж “2018 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн 500 гаруй иргэнтэй уулзалт хийсэн. Энэ удаа иргэдтэйгээ дахин уулзаж, тэдний үгийг шинээр байгуулагдсан УИХ, Засгийн газарт хүргэх зорилготой” гэдгийг тодотгосон юм.

Мөн Баруун-Урт сумаас 6 км зайд орших Сайншанд-Баруун-Урт чиглэлийн 317 км төмөр замын төгсгөлийн цэгт мэргэжилтнүүдийн хамт ажилласан талаараа танилцуулж, тус төслийг амжилттай хэрэгжүүлж, Баруун-Урт сумын ойролцоо төмөр замын өртөө байгуулснаар Сүхбаатар аймаг нь зүүн бүсийн транзит тээврийн зангилаа болон хөгжих боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо.

 

Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2010 онд батлагдсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилт, Зүүнбаян-Тавантолгой, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд баригдаж буй 700 орчим км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын талаар иргэдэд мэдээлэл өгч, одоогийн байдлаар ийм хэмжээний төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дотоодын нөөц бололцоонд тулгуурлан хийж буй улс орон дэлхийд байхгүй гэсэн юм.

Мөн төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй залуус армиар дамжин мэргэжил эзэмшиж, ажил гүйцэтгэх чадвартай ирээдүйн өрхийн тэргүүнүүд болон бэлтгэгдэж байгааг Төрийн тэргүүн онцлов.

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга иргэдийн төлөөллийг тайз руу урьснаар уулзалт эхэлсэн юм.

Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Тэгш-Эрдэнэ:

 

“…Манай нэгдсэн эмнэлгийн барилга 1990 оны барилга. 2009-2010 онд нэг удаа их засвар хийсэн. Тэрнээс хойш их засвар хийгээгүй, урсгал засваруудыг өөрсдийн төсөвт багтааж хийж ирсэн. Нэгдсэн эмнэлгийн барилга эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ явуулахад ихээхэн хүндрэл гарч байгаа учраас манай эмнэлгийн байрыг шинээр бариулж өгөх асуудлыг танаар дамжуулж, УИХ, Засгийн газарт хүргэх гэсэн юм. Саналыг маань дэмжиж өгөхийг танаас хүсэж байна.” гэлээ.

Сүхбаатар аймгийн иргэн Ж.Доржсүрэн:

 

“…Би Монгол Улсын Ерөнхийлөгчид юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр, шүүх үнэн үг сонсохоо байж. Эрхэм мундаг дарга нар миний тэтгэврийг тогтоож өгөхгүй, “чиний олон жил ажилласан хамаагүй, чи өөрийнхөө саналаар халагдсан шүү дээ” гэдэг. Албан газар ажилласан хэдэн жил байгаа, тэрийг оруулахгүй. Нийгмийн даатгалын газар гэж ямар газар байна вэ? 60 нас хүрсэн хүн очиж байна шүү дээ. Шоронд ороогүй, ял шийтгэл аваагүй бол миний тэтгэврийг тооцдоггүй юм уу? Би шүүхдээд Улсын дээд шүүх хүртэл явсан. Улсын дээд шүүх юу гэсэн гээч? “Үндсэн байгууллага ингэж тайлбарлаж байгаа юм” гэсэн. Үндсэн байгууллага юу ч гэж тайлбарласан, гэмт хэрэг үйлдсэн байсан ч хамаагүй юу? Бид нар хэний төлөө ажиллаж насаа барсан юм бол? Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөөч. Би үнэхээр иргэн хүнийхээ хувьд туйлдаж, гадуурхагдаж ирлээ” гэлээ.

Сүхбаатар аймгийн ИТХ-ын ажилтан Жаргалсайхан:

 

“…Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан зарим нэг зүйлийг хэлмээр байна. Би нэг жишээ хэлье. Аймгийн засаг даргыг хоёр хувилбараар нэр дэвшүүлэх юм байна гэсэн ойлголт төрлөө. ИТХ-аас нэр дэвшүүлж болно, Ерөнхий сайд нэр дэвшигчийг хүлээж авахгүй бол Ерөнхий сайд өөрөө нэр дэвшүүлэх хувилбар байгаа юм байна. Гэхдээ Ерөнхий сайдын нэр дэвшүүлсэн хүнийг орон нутгийн ИТХ хүлээж авахгүй бол тэрийг шийдэх гарц нь байхгүй юм шиг санагдаж байна. Үндсэн хуульд заасан нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндсэн зарчимд айхтар өөрчлөлт орсон юм байхгүй шүү дээ. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдэл, өөрөөр хэлбэл ард түмнээс сонгогдсон төлөөлөгчдийн санал ач холбогдолтой биш, Ерөнхий сайдын саналаар шийдэгдчих гээд байна уу гэсэн эргэлзээ надад байна.”

Сүхбаатар аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Өлзийжаргал:

 

“…Сүхбаатар аймгийн залуучууд хувь, төр, иргэний нийгмийн зэрэг маш олон салбарт ажиллаж байна. Өнөөдөр иргэний нийгмийн байгууллагад ажиллаж байгаа залуус төр, хувийн хэвшил хоёрын дунд хаягдаж байна. Төрийн бодлого үгүйлэгдэж байна. Залуучуудыг төрийн бодлогоор дэмжиж, тэднийг идэвхжүүлэх, чадавхжуулах, нийгмийн оролцоог хангах тал дээр ажиллаж, тусалж өгөхийг хүсье.”

Сүхбаатар аймгийн иргэн Гомбосүрэн:

 

“…Та сая бүтээн байгуулалтын талаар ярилаа. Бичигтийн боомтыг холбоно, төмөр зам тавиулах гэсэн гол зангилаа болсон асуудлуудыг ард түмэн асар их дэмжиж байгаа. Энэ асуудлаар Ерөнхийлөгч таныг дэмжиж өгөөрэй гэж 60 мянган иргэнийхээ өмнөөс хүсье.

Хоёрдугаарт, баярласан зүйлээ хэлье. Цагаан сарын өмнө тэтгэврийн зээлийг тэглэж өгсөн. Ахмад настны хувьд үүнд туйлын их баярлаж явдгаа хэлье.

Гурван асуулт тавья. Монгол Улсад гурван эмгэнэл ноёрхоод байна. Нэгдүгээрт, олон нам гэдэг юм Монгол улсыг туйлдуулж гүйцлээ. Ерөнхийлөгч та ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч юм бол тараан бутаргаж байгаа, 800 хүний гарын үсэгтэй ч юм уу, үсэггүй ч юм уу байгуулагдаж байгаа олон намыг устгаж өгөөч гэж хүсье.

Хоёрдугаарт, энэ олон их дээд сургуулиудыг хасаж өгөөч. Тэтгэврийн олон хүнийг туйлдуулж гүйцлээ. Төрүүлсэн хүүхэддээ баярлаж суудаг байсан бол гомдож суухад хүрлээ. Энэ цагаан гартнууд ромбо зүүж ирээд юу ч хийхгүй байна. Хийлгэж ч чадахгүй байгаа. Ажил сурахгүй байна.

Мөн олон зуун телевизээ хасаж өгөөч ээ. Үзээд сууж байгаа хүмүүст зугаатай байдаг байх. Бизнес хийж байгаа хүмүүс хэцүүдэж байгаа байх. Хэнд нь рекламаа өгч, үзэгчид мөн аль сувгийг сонгож үзэх вэ? Сайхан бүтээн байгуулалт хийх гэж байгаа хүний үгийг хаанаас олж сонсох вэ? Олон телевизүүдтэй болсноор иргэдийн үнэн бодит мэдээлэл авах боломж бүрэн алдагдсан” гэв.

Сүхбаатар аймгийн иргэн Сайнбуян:

 

“…Эрүүл мэндийн даатгал зарим талаараа алдаа мадагтай юм уу гэж санагддаг. Даатгалд хамрагдсан эмийг сарын эхэнд гурав хоногийн дотор бичээд, дөрөв, тав хоногийн дараа эмийн санд очиход даатгалаар өгөх эм дууссан гэж хэлдэг. Тэгсэн байтлаа эмийн тавиур дээр тэр эм байж байдаг. Яагаад ийм асуудалтай байгаа юм бэ? Эмийн сангууд өөрийн эдийн засгийн бодлогыг явуулж байгаа болохоос хүний эрүүл энхийн төлөө санаа тавихад муу анхаарч байна гэж хэлмээр байна. Энэ бол нийт ард түмэнд хэрэгтэй зүйл гэж би боддог.”

Сүхбаатар аймгийн иргэн Оюунцэцэг:

 

“…Өнөөдөр алдарт эхийн одон авсан бүх ээжүүдэд баяр хүргэе. Үүнээс гадна эхийн одонгийн хуулийн заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэж хүсье. Эхийн одон олгох тухай хуулийн 3.1, 3.2-т зааснаар хамгийн бага хүүхэд нь ой хүрэхэд бусад гурав нь эсэн мэнд байна гэсэн заалтаар олон ээж хасагдаад байгаа юм. Дөрвөн хүүхэд төрүүлсэн боловч одон авах шаардлагыг хангахгүй, дунд хүүхэд нь нас барсан эхчүүд одонгоо авч чадахгүй байгаа тохиолдол удаа дараа гарч байна. Энэ заалтыг эргэн харж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уулзалтын төгсгөлд иргэдийн асуултад  хариулснаар уулзалт өндөрлөв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ