Ерөнхий сайд У.Хүрэлсүх Булган аймагт ажиллаж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх  орон нутагт ажиллаж байгаа юм байна. Тодруулбал, Булган, Архангай, Өвөрхангай аймагт ажиллаж байна. Өнөөдөр Булган аймгийн Гурванбулаг сумын авзага багийн нутаг Хэвтээгийн арын 30 га талбайд “Хэт талхлагдсан бэлчээрийг зайнаас тандах аргаар судлаж нөхөн сэргээх туршилт” төслийн хэрэгжилттэй танилцжээ. Булган аймгийн бэлчээрийн доройтлыг хуурайшлын индекс, ургамлын нормчлогдсон индекс, хур борооны бүтээмжит байдал, хүний хүчин зүйлийн нөлөөлөл зэргийг тооцон гаргажээ. Ингэхэд 2006 онд нийт бэлчээрийн 14.2 хувь нь сул, 1.7 хувь нь дунд зэрэг, 0.32 хувь нь хүчтэй доройтсон гэж байсан бол 2019 оны судалгаагаар дээрхи үзүүлэлтүүд дахин 30 хүртэл хувиар нэмэгдсэн байна. Иймд Булган аймгийн хэмжээнд бэлчээрийн нөхөн сэргээлтийг зайлшгүй хийх шаардлага үүссэн гэдгийг судалгааны ажилчид болон малчид онцолжээ.

Сүүлийн гурван жилийн ажлын үр дүн төслийн талбайд үлийн цагаан оготно устаж, олон наст ургамлын ургац бүрэн гүйцэж, хөрсийг хуурайшуулж, цөлжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг зэрлэг ургамал буурсан байна. "Энэ нь зайнаас тандалт судалгаа хийсэн газруудад үүн шиг нөхөн сэргээлт хийхэд үр дүнтэй болно гэдгийг харуулж байна" гэжээ. Төслийн эрдэм шинжилгээний ажилчид малчдад бэлчээрийн нөхөн сэргээлтийн талаар байнгын сургалт явуулж, мэдээлэл өгдөг аж. Малын шимт ургамал тарьж, хөрсийг нөхөн сэргээхэд цаг хугацаа шаардахаас гадна зарим ургамалын үр тонн нь 35 сая хүртэл үнэтэй, техник, технологи, ажиллах хүчний дутагдалтай байгааг төсөл хэрэгжүүлэгчид хэлжээ. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол орон даяар бэлчээрийн нөхөн сэргээлтийг явуулах талаар Засгийн газраас анхаарч ажиллана гэдгээ хэлсэн байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ