Төлөлтийг хойшлуулсан ч хугацаа хэтэрсэн зээл өссөөр байна
Зээлийн жилийн өсөлт 1-2 орчим хувь байхаар байна гэж Монголын банкны холбооноос мэдэгдлээ. Монголбанкны бодлогын хүүний нөлөө банкнуудад оны сүүлийн улиралд илүүтэй мэдрэгдэнэ гэж үзжээ.
Оны эхний хагас жилийн байдлаар зээлийн үлдэгдэл 4.6 хувиар агшсан хэдий ч цаашид зээл өсөх төлөв ажиглагдаж эхэлжээ. Зээлийн өсөлтийг байгууллагын төгрөгийн зээл голлон бүрдүүлнэ гэж тооцоолж байна.
Цар тахлын улмаас эдийн засгийн идэвхжил саарсантай холбоотойгоор банкны салбарын үзүүлэлтүүд оны эхний хагаст буурчээ. Энэхүү үзүүлэлт буурахад компаниуд мөнгөн урсгалын дутагдалд орсноор харилцах дансны дүн буурсан байна. Нөгөө талаас борлуулалт буурч буй аж ахуйн нэгжүүдэд олгох банкны зээл багассан нь нийт зээл буурахад нөлөөлжээ.
Монголбанктай зөвшилцсөний дагуу зээлийн төлөлтийг бодлогоор хойшлуулсан ч хугацаа хэтэрсэн зээл өссөөр байгаа юм байна. Тодруулбал, 660 тэрбум төгрөгийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, хөнгөлсөн ч байгууллагын хугацаа хэтэрсэн зээл 40 хувиар өссөнийг Монголын банкны холбооны тайланд дурджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ