Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ядуурлын түвшинг бууруулах асуудлаар санал солилцлоо

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Монгол Улс дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михневыг хүлээн авч уулзав. Гадаад харилцааны сайд өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн үйл явцад Дэлхийн банк үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэж, Ковид-19 цар тахлын нөлөөг бууруулах, эдийн засгийг сэргээн идэвхжүүлэхэд Засгийн газрыг дэмжиж ажиллаж байгаад талархал илэрхийлэв.


Гадаад харилцааны сайд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, ирэх жилүүдийн төлөвийн,талаар суурин төлөөлөгчид мэдээлж саарал жагсаалтаас гарах, гадаад худалдааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ядуурлын түвшинг бууруулах зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцлоо.


Худалдааг хөнгөвчлөх, экспортыг дэмжих ГХЯ–ны чиг үүргийг хэрэгжүүлэхэд Дэлхийн банк хамтран ажиллаж байгаа бөгөөд Дэлхийн банкны хөгжлийн хамтын ажиллагааны шинэ үе шатны стратегийг тодорхойлох, ажил хэрэг болгох чиглэлээр хоёр тал хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ