Д.Сумъяабазар: Нийслэл хотоо утаагүй, түгжрэлгүй, хоггүй, аюулгүй хот болгохыг зорьж байна

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар болон намын хорооны гишүүд орон нутгийн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 


Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар "Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу бид Нийслэлийн МАН-ын хорооны IV хуралдаанаа хийж, хуулийн хугацаандаа буюу өчигдөр 23:10 цагт нэр дэвшигчдээ тодруулж дууслаа.


УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн амжилтаа буухиалж, үнэмлэхүй ялалтаа орон нутагт бататгах чухал цаг үе бидний өмнө ирлээ. 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН Нийслэл Улаанбаатар хотод 24 суудлаас 22-ыг буюу 91.7 хувийн үнэмлэхүй ялалт байгуулсан. Энэ ялалт бол МАН-ын их бүтээн байгуулалтыг эхлүүлж чадсаны, айл гэрийн эзэн, ноён нуруу шиг байж чаддаг зангарагтай чанарыг нь сонгосон сонголт байсан. Агаарын бохирдлыг бууруулж, иргэдээ цар тахлаас хамгаалж чадсан, харь газраас иргэдээ авчирч чадсан хүнлэг, хариуцлагатай байдлыг сонгосон сонголт байсан. Энэ их итгэл найдварыг үргэлжлүүлэх үүрэг хариуцлага бидэнд байна.


Цаашлаад бид нийслэл Улаанбаатар хотоо утаагүй, түгжрэлгүй, хоггүй, аюулгүй, бухимдалгүй хот болгохыг зорьж байна.  Нийслэлчүүд орон сууцтай, ногоон байгууламжтай, ажлын байртай, эрүүл, боловсролтой, соёлтой, ээлтэй хотын иргэд хүсч байна. 


Нэр дэвшигчдийг тодруулахдаа МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хэлсэн зарчмыг баримтлахаас гадна хоёр удаагийн суурь судалгааг үндэслэж, олон удаагийн ярилцлагын үр дүнд, эмэгтэйчүүдийн квотыг хуулийн хүрээнд хангах зэрэг шаардлгагыг үндэслэн эдгээр нэр дэвшигчийг тодруулсан" гэв.  


Нэр дэвшигчдийн 33.3 хувь нь анх удаа НИТХ-д нэр дэвшиж буй бөгөөд МАН-аас НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хамгийн залуу нь 30 настай, хамгийн ахмад нь 56 настай. Нэр дэвшигчдийг мэргэжлээр нь авч үзвэл эрх зүйч-10, улс төр судлаач-12, багш-4, инженер-5, эдийн засагч-5, нисгэгч-1, эмч-1, програмист-2, бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн-5, хөгжлийн судлаач чиглэлээр мэргэжил эзэмшсэн-1 тус тус байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ