Дэлхийн банкнаас 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоно

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар 21 сая ам.долларын санхүүжилтийн хоёр гэрээнд гарын үсэг зурлаа.


Уг ёслолын арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд А.Ариунзаяа болон бусад албаныхан оролцов. Нийт санхүүжилтийн 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Онцгой байдлын дэмжлэг болон Хөдөлмөр эрхлэлтийн төсөл”, нэг сая ам.долларын буцалтгүй тусламжийг эрүүл мэндийн салбарт зарцуулах аж.


“Онцгой байдлын дэмжлэг болон Хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн хүрээнд:

  • Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг сайжруулах,
  • Бичил бизнес эрхлэгчдэд хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломж олгох юм.


Түүнчлэн цар тахлын үед шаардлага хангасан хөдөлмөр эрхлэгчдийн санхүүгийн ачааллыг бууруулж нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх боломжийг бүрдүүлэхээр арга хэмжээ авч ажиллах аж. Нэг сая ам.долларын буцалтгүй тусламжийг эрүүл мэндийн салбарт зарцуулах буюу онцгой нөхцөлд ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийг хувийн хамгаалах хэрэгслээр хангана.


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Өнөөдөр гарын үсэг зурсан 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл нь жилийн 1,25 хувийн хүүтэй, гучин жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх зээл юм. Өнгөрсөн хугацаанд өндөр хүүтэй бонд, арилжааны банкнуудаас өндөр хүүтэй, богино хугацааны зээл авахгүйгээр аль болох урт хугацаатай, хүү багатай, эргээд төсөвт дарамт болохгүй байх арга хэлбэрийг эрэлхийлж байна гэв.


Түүнээс өмнөх зээлүүдийн эргэн төлөлтийн асуудлаар тодруулахад Тэрээр, Нийтдээ хоёр их наяд төгрөгөөр зээлийг төлж байна. Энэ нь дотроо гурван янз байна.

  • Нэгдүгээрт, өмнө нь гаргасан “Чингис”, “Мазаалай” зэрэг бонд байна.
  • Хоёрдугаарт, 1991 оноос авч хэрэгжүүлж буй 270, 290 орчим төслийн хүүг санхүүжүүлж байна.
  • Гуравдугаарт арилжааны банкнаас өндөр хүүтэй авч байсан дотоодын бондуудад бий" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ