Сайд Н.Энхтайван МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшинг хүлээн авч уулзлаа
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшинг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр сайд Н.Энхтайван Монгол Улсын Засгийн газраас экспортыг дэмжих, ялангуяа уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэмжээг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, бизнес эрхлэх таатай орчин, боломжийг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, зохицуулалтыг бодитоор ажил хэрэг болгох, үр дүнд хүргэхэд хамтран ажиллах, ГХЯ болон МҮХАҮТ-ын хооронд байгуулсан Санамж бичигт туссан ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй болохыг тэмдэглэв.
Сайд Н.Энхтайван гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого, зохицуулалтыг хариуцдаг төрийн захиргааны төв байгууллага болох ГХЯ, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолой болж төлөөллийг хэрэгжүүлдэг гол байгууллага болох МҮХАҮТ хооронд хамтын ажиллагаагаа улам нягтруулан өргөжүүлж, цаашид байгуулахаар судалж буй Чөлөөт худалдааны хэлэлцээр, бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэх үйл явцад дотоодын аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлыг тусгаж, экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ