“Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.08.28) хуралдаан 12 цаг 13 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар танилцуулав.


УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Б Жавхлан, Ч.Ундрам нарын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн юм. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан төслийн хавсралтын 1.5-д “Банкны зээлийн бүтээгдэхүүнийг боловсронгуй болгож иргэдийн шууд орлогоор барьцаалсан бүтээгдэхүүнд өөрчлөлт оруулах” гэсэн 6 дахь дэд заалт нэмэх, 2.4-т “Мөнгө хүүлэлтийг хязгаарлах зорилгоор зээлийн хүүгийн хязгаарыг тогтоох (Банк, банк бус буюу тусгай зөвшөөрлөөр зээл олгодог байгууллагуудын хүү)” гэсэн 2.4.4 дэх заалт шинээр нэмэх, хавсралтын 2.1 дэх заалтын “Банкны зээлийн хоёр дахь зах зээлийн активын удирдлагын үйл ажиллагааны үндсэн дээр хөгжүүлэх зорилгоор активын удирдлагын мэргэшсэн институтийн эрх зүйн орчныг бүрдүүлэх” гэсэн 3 дахь дэд заалтыг банкуудын хариуцлагыг сулруулах бөгөөд салбарт үзүүлэх сөрөг нөлөө их байгаа тул хасах зэрэг зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд тусгасан гэв. Тогтоолын төслийг хууль зүйн техникийн талаас нь хянан үзэж, нэр томъёо, хэл найруулгын засвар өөрчлөлтийг хийсэн төслийн эцсийн хувилбарыг Байнгын хорооны гишүүдэд танилцуулсныг мөн дурдлаа.



Танилцуулгатай холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед тухайн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахгүйгээр, тогтоолын төслийн 2 дахь заалтын “2023” гэснийг “2021” гэж өөрчлөх асуудлыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулан гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу хэлэлцэн шийдвэрлэв. Ингээд төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.



Дараа нь “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналын томъёоллуудыг тогтоолын төсөлд бүрэн тусгасан байна.


Тухайлбал, хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс стратегийн зориулалттай нөөцийн бараа материалын нэр, төрөл, тоо, хэмжээг нэмэгдүүлж, бараа материалын хадгалалт, хамгаалалтыг сайжруулж, хөргүүр бүхий автоматжуулсан махны зоорь, хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалт бүхий иж бүрэн механикжуулсан хүнсний агуулах, газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах зориулалттай агуулахын цогцолбор байгуулсан байх, хүүхдийн эрхийг дээдлэн, аливаа хэлбэрийн хүчирхийлэл, сэтгэл зүйн дарамт, хөдөлмөрийн мөлжлөгөөс ангид байлгах чиглэлээр эрх зүйн орчныг чангалтгаж, хэрэгжилтийг хатуу хянах тогтолцоог бий болгосон байх, хилийн чандад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, улс төрийн болон бусад эрхээ хэрэгжүүлэх, монгол хүүхэд эх хэлээрээ сурж боловсрох боломжийг бий болгосон эрх зүйн орчныг бүрдүүлсэн байх, шинжлэх ухааны байгууллагуудын бүтээл, судалгааны үр дүнг их дээд сургуулийн сургалтад ашигладаг механизмийг бүрдүүлж, сургалт, судалгаа, инновацын төвүүдийг их дээд сургуулиуд дээр байгуулсан байх зэрэг саналуудыг нэгбүрчлэн тусгасан гэв.



Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу “Шүүх засаглалыг улс төр, бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхолоос ангид, хараат бус байлгаж, шүүхийн үйл ажиллагаанд шударга ёсыг тогтоож, иргэдийн итгэлийг сэргээсэн байна” гэж, “Улаанбаатар-Шар хөтөл-Эрдэнэтийн 100 км хатуу хучилттай автозамын төслийг (Орхоны гүүр, Төв аймгийн Жаргалант сум)” гэж тодорхой болгох, улсын зэрэглэлтэй хот болон бусад хотын статусыг тодорхой болгохтой холбоотой саналуудад найруулгын засвар хийсэн  байна.


Түүнчлэн Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т “нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн” гэж заасны дагуу зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг бэлтгэсэн байна.


Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Батлут, О.Цогтгэрэл, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, С.Чинзориг нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар авав. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал тур бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  


СЭТГЭГДЭЛ БИЧИХ