“Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг зөвшилцөв

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.28) хуралдаан 11 цаг 00 минутад эхэлж, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.


Төслийн талаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм.


Монгол Улсад КОВИД-19 цар тахлын тархалттай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж уй эдийн засгийг эрчимжүүлэх багц арга хэмжээний хүрээнд “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилтээр 2020-2023 оны хооронд 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.


Төслийн хүрээнд үндсэн хоёр арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Нэгдүгээрт, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг сайжруулах, бичил бизнес эрхлэгчдэд хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ. Хоёрдугаарт, коронавируст цар тахлын тархалтын үед шаардлага хангасан даатгуулагчдыг шимтгэл төлөх үүргээс түр хугацаанд чөлөөлж байгаатай холбогдуулан нийгмийн даатгалын санд үүсэх санхүүгийн дарамтыг бууруулахад зориулагдана.


Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас нийт 20.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг олгох бөгөөд зээлийн хүү 1.25 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь, үйлчилгээний хураамж 0.75 хувь, зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй гэв.


Тэрбээр үргэлжлүүлэн Төсвийн байнгын хороо 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар уг санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг танилцуулав. Харин Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.



Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Энхболд,  Н.Алтанхуяг, Ц.Сэргэлэн, Т.Доржхан нар асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, бичил бизнес эрхлэгчдийг дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн зээлийг авах нь зүйтэй. Гэхдээ зээлийг үр ашигтай зарцуулж, зорилтот бүлгийн иргэдэд эргэлтийн хөрөнгийн дэмжлэг болж хүргэх тал дээр анхаарч ажиллахыг сануулсан. Мөн зээлийн сонгон шалгаруулалтыг ил тод нээлттэй, хүнд сурталгүй, түргэн шуурхай явуулах хэрэгтэй хэллээ.


Гишүүдийн асуултад “Энэ зээл нэн хөнгөлөлттэй зээлийн төрөлд багтана. Бичил болон жижиг бизнес эрхлэгчдэд зээл болгож гаргана. Ингэхдээ банкаар дамжуулан олгох бөгөөд иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 5-10 сая төгрөгийн зээлийг 2 жил хүртэл хугацаатай олгогдоход зарцуулагдана. Мөн зээл авах хүсэлт гаргасан иргэн, бичил бизнес эрхлэгчдэд ур чадвар олгох болон ажлын байр хайж байгаа иргэдэд зориулсан сургалтуудыг зохион байгуулахад зарцуулна.


Харин зээлийн хүүг Дэлхийн банктай хийсэн хэлэлцээрийн дагуу сүүлийн 3 жилийн инфляцын түвшний дунджаар тооцож тогтооно. Зорилтот бүлэг нь 18-34 хүртэлх насны залуучууд, эмэгтэйчүүд, мөн орлого багатай өрхийн хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхлэх боломжтой гишүүн байхаар тогтоосон” хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Амартөгс хариулав.



Ингээд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараагаар санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувийн саналаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжлээ.



Байнгын хорооны санал, дүгнэлт, тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтсоноор хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ