“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын 2020 оны ээлжит бус чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 25 минутад эхэлж, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулав. Байнгын хороо уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хийсэн байна.


Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т “Бусад Байнгын хороо, нам, эвслийн бүлэг бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан бол санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт холбогдох Байнгын хороонд хүргүүлн” гэсний дагуу Байнгын хороодын санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулж, хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураасан гэв.


Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос: “Сэлэнгэ аймгийн төвд 50 МВт хүчин чадалтай цахилгаан станц барих”, “Дархан-Сэлэнгийн авто замыг 4 эгнээ болгож шинэчлэх”, “Даланзадгад суманд 50 МВт дулааны станц хувийн хөрөнгө оруулалтаар барих” “Махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих техникийн шинэчлэл хийх төсөлд “Дундговь аймгийг нэмэх зэрэг саналыг тогтоолын төслийн хавсралтад нэмж тусгахаар санал хурааж шийдвэрлэжээ.


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос: “Олон улсад өрсөлдөж чадахуйц үндэсний боловсролын тогтолцоог үе шаттайгаар нэвтрүүлсэн байх,” “Эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн хамтарсан “Үндэсний судалгааны төвүүд”-ийг байгуулах замаар нөөцийг төвлөрүүлж, эрдэм шинжилгээний ажлын зардлыг нэмэгдүүлэн зөв ашиглаж, судалгааны ажлын нийгэм, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлсэн байх”, “Төрийн өмчит их сургуулийн засаглалыг төрөөс хараат бус болгож, эрх зүйн орчныг сайжруулан судалгааны их сургууль болгож хөгжүүлэх зэрэг төсөл арга, хэмжээг нэмэх саналыг төсөлд тусгахаар санал, дүгнэлт гаргасан байна.

Нийгмийн бодлогын байнгын хорооноос: “Орон нутагт томилогдон ажиллаж байгаа төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг сайжруулах”, “Иргэд гэр бүлдээ амар тайван, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг олгох, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, хүүхдийн аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх”, “Иргэдийн эрүүл мэндээс шалтгаалсан санхүүгийн бэрхшээл, ядууралд өртөх хувь түвшинг бууруулах зэрэг саналыг дэмжсэн байна.


Инновац, цахим бодлогын байнгын хорооноос: “XXI зууны төрийн удирдлагын шинэ арга барил болох гурван тулгуурт хөгжлийн онолын дагуу улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн бүхий л харилцаа, засаглалын бүх шатанд гурван талт түншлэлийг оновчтой, үр дүнтэй нэвтрүүлсэн байх”, “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх гэх мэт зорилго бүхий төрийн, орон нутгийн төсвийн санхүүжилтээр болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа, төлөвлөлт, явц, үр дүн, зээл тусламжийн олголт нь зорилтот бүлэгтээ бодитой чиглэн ажиллаж чадаж байгаа эсэхэд тогтмол хяналт тавих гурван талт түншлэлийн механизмыг бий болгож ажиллуулж эхэлсэн байх”, “Төрийн үйлчилгээний чанар, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэдийн гомдлыг хүлээн авч, тусгай журмын дагуу шуурхай шийдвэрлэдэг гурван талт механизмыг бий болгон, үр дүнтэй ажиллуулж эхэлсэн байх”, “Хүүхдийн эрхийг аливаа хэлбэрээр зөрчих явдлыг таслан зогсоох чиглэлээр төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан байнх зэрэг саналуудыг топгоолын төслийн хавсралтад тусгахаар дэмжсэн байна.


Хууль зүйн байнгын хорооноос: “Хууль сахиулах байгууллагууд иргэдийн өргөдөл, гомдлыг шуурхай хянан шийдвэрлэх, түүнд хяналт тавих цахим нэгдсэн сүлжээнд бүрэн холбогдож, иргэдэд үйлчлэх таатай орчныг бүрдүүлэх”, “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял, шийтгэлийн бодлогыг чангатгах”, “Гадаадын иргэдийг улсын хилээр нэвтрэх үед биеийн давхцахгүй өгөгдлийг авч, нэгдсэн санд бүртгэх тогтолцоог бүрдүүлэх” зэрэг саналыг тогтоолын төслийн хавсралтад нэмэхийг дэмжсэн байна.


Төрийн байгуулалтын байнгын хорооноос: “Архидан согтуурахтай хийх тэмцлийг эрчимжүүлж, архинд донтох эмгэгтэй хүнд үзүүлэх эмчилгээ, үйлчилгээний үндэсний чадавхыг бэхжүүлэх,” “Архидан согтуурахтай тэмцэх сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах”, “Зорчигчдын ариун цэвэр, аюулгүй байдлыг хангасан, нийтийн тээврийн буудалтай болох” зэрэг саналыг тогтоолын хавсралтад тусгахаар санал дүгнэлтдээ тусгасан байна.


Төсвийн байнгын хорооноос: Эрчим хүчний дотоодын хэрэгцээг бүрэн хангасан, тогтвортой, өөрийгөө зохицуулах чадвар бүхий системийг бүрдүүлэх саналыг тогтоолын төслийн хавсралтад тусгахыг дэмжсэн байна.


Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Ёс зүй, сахилга, харицлагын байнгын хороод уг төсөлтэй холбоотой тусгайлсан санал гаргаагүй аж.


Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.18-д “... ирүүлсэн саналаар санал хураалт явуулахдаа бусад саналыг танилцуулж, санал хураалгах бөгөөд уг санал дэмжигдвэл бусад санал дэмжигдээгүйд тооцож, тэдгээр саналаар санал хураалт явуулахгүй” гэсний дагуу Байнгын хороодоос ирүүлсэн зарим санал давхацсан тул тухайн саналаар санал хураалт явуулаагүй болохыг санал, дүгнэлтэд дурдав.



Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, М.Оюунчимэг нар асуулт асууж, Байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч болон Засгийн газрын гишүүдээс хариулт, тайлбар авлаа. Дараа нь “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 118 саналыг нэгбүрчлэн танилцуулж, тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, төсөлд “2.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилтийг тухай жилийн улсын төсөвт тусгаж байхыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай” гэсэн агуулгатай 2 дахь заалт нэмэхийг гишүүдийн олонх дэмжив.


Төслийн 1 дүгээр хавсралтын “Шинжлэх ухаан, технологийг улс орны тогтвортой хөгжлийн үндсэн хүчин зүйлсийн нэг болгон хөгжүүлж, үр ашигтай үндэсний инновацын тогтолцоог бүрдүүлнэ” гэсэн 2.4 дэх зорилтод “Хэмжил зүйн лабораторийг олон улсын жишигт хүргэсэн байна” гэсэн заалт нэмэхийг, 2.1 дэх зорилтыг “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, тэгш хамруулах тогтолцоог бэхжүүлнэ” гэж өөрчлөн найруулахыг тус тус дэмжсэн. Мөн хавсралтын “Засгийн газрын хугацаа тулсан гадаад өр төлбөрийг макро эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулахгүйгээр шийдвэрлэж, үр ашгийг дээшлүүлж, макро эдийн засгийн тэнцвэрт байдлыг хангаж, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлнэ” гэсэн 4.1 дэх зорилтод “Төрийн худалдан авах ажиллагаагаар дамжуулан дотоодын үйлдвэрлэлийн бүтээгэхүүний худалдан авалтыг тогтвортой дэмжсэн байна” гэсэн заалт нэмэхийг дэмжлээ. Төслийн 1 дүгээр хавсралтын 2.3 дахь зорилтод “Хүүхдийн эрхийг дээдлэн, аливаа хэлбэрийн хүчирхийлэл, сэтгэл зүйн дарамт, хөдөлмөрийн мөлжлөгөөс ангид байлгах чиглэлээр эрх зүйн орчныг чангатгаж, хэрэгжилтэд хатуу хяналт тавих тогтолцоог бий болгосон байна.” гэсэн агуулгатай заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.


Мөн хавсралтын 5.1 дэх зорилтод “Нийгэм, эдийн засаг, бизнесийн бүхий л харилцаа, засаглалын бүх шатанд олон талт түншлэлийг оновчтой, үр дүнтэй нэвтрүүлсэн байна” гэсэн агуулгатай заалт нэмэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн. Түүнчлэн төслийн 1 хавсралтын 5.5 дахь зорилтод “Хилийн чанадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, улс төрийн болон бусад эрхээ хэрэгжүүлэх, монгол хүүхэд эх хэлээрээ сурч боловсрох боломжийг бий болгосон эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна”, “Шүүх засаглалыг улс төр, бизнесийн бүлгийн ашиг сонирхлоос ангид болгох, шүүхийн үйл ажиллагаанд шударга ёсыг тогтоож, иргэдийн итгэлийг сэргээсэн байна” гэсэн агуулгатай заалт нэмэхээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн. 


Тогтоолын төслийн 1 дүгээр хавсралтын “Хууль, эрх зүйн шинэчлэл хийж, хотын засаглал, эдийн засаг, нийгмийн таатай орчин бүрдүүлнэ” гэсэн 9.4 дэх зорилтод “Дархан, Эрдэнэт зэрэг улсын зэрэглэлтэй хотуудыг бий болгож, хөрөнгө оруулалт, ажлын байрыг нэмэгдүүлэх хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлсэн байна” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тогтоолын төслийн 1 дүгээр хавсралтын 2.4 дэх зорилтод “Шинжлэх ухааны байгууллагуудын бүтээл, судалгааны үр дүнг их, дээд сургуулийн сургалтад ашигладаг механизмыг бүрдүүлж, сургалт, судалгаа, инновацын төвүүдийг их, дээд сургуулиуд дээр байгуулсан байна” гэсэн агуулгатай заалт нэмэхийг гишүүдийн 70.4 хувь нь дэмжив.


“Усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлэх замаар тэжээл, төмс, хүнсний ногооны тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлсэн байна”, “Малын гаралтай түүхий эд боловсруулах, экспортлох үйлдвэр, технологийн парк байгуулж, ажлын байрыг шинээр бий болгож, малчдын орлогыг өсгөсөн байна” гэсэн заалтуудыг төслийн 1 дүгээр хавсралтын 8.3 дахь зорилтод тус тус нэмэхийг дэмжсэн. Мөн хавсралтын 8.1 дэх зорилтод “Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд эхний ээлжинд алслагдсан зарим аймгуудад гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийг Баян-Өлгий, Увс, Ховд, Дориод аймгуудад хэрэгжүүлсэн байна” гэсэн агуулгатай заалт нэмэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэв.


Төслийн 1 дүгээр хавсралын 4.2 дахь зорилтод “Улс, орон нутгийн төсөвт ачаалал үүсгэхгүй төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр орон нутгийн хот, суурин газарт цахиалгаан, дулааны эх үүсвэр нэмэгдүүлсэн байна”, 5.2 дахь зорилтод “Гадаадын хөрөнгө оруулалт, худалдааг дэмжсэн төрийн зохицуулалтыг боловсронгуй болгож, нэг цонхны нэгдмэл бодпого хэрэгжүүлж хэвшсэн байна” гэсэн агуулгатай заалт нэмэх нь зүйтэй хэмээн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.


Төслийн 2 дугаар хавсралтын “Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах шаардлагатай төсөл, арга хэмжээний жагсаалт”-д “Хөвсгөл аймгийн дулааны станцыг өргөтгөх, “Могойн гол"-ын уурхайг түшиглэн дулааны станц барих, Чаргайтын усан цахилгаан станц байгуулах, Хатгал тосгонд дулааны станц барих”, “Ховд аймгийн Ховд, Эрдэнэбүрэн, Чандмань, Дөргөн, Дарви, Хөшөөтийн чиглэлийн 160 км хатуу хучилтай авто замыг барих”, “Ховд-Улаангом чиглэлийн 163 км хатуу хучилтай автозамыг барих”, “Улаанбаатар хотын Багануур Налайх дүүргийн дулааны станцыг шинэчлэх” гэж нэмэх Ажлын хэсгийн зарчмын зөрүүтэй саналуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн.


Мөн хавсралтад “Дорноговь аймгийн Алтанширээ суманд 300 МВт-ын цахилгаан станц, дэд бүтцийг барих”, “Ховд аймгийн Хөшөөтийн уурхайг түшиглэн утаагүй, сайжруулсан түлш үйлдвэрлэх үйлдвэр"-ийг төсвийн хөрөнгө оруулалт болон “Агаарын бохирдлыг бууруулах сан”, олон улсын санхүүгийн байгууллагуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр байгуулах ажлыг эхлүүлнэ”, “Орхон, Дархан-Уул аймагт шинжлэх ухаан, инновацын төвийн кластерийг хөгжүүлэх” гэж нэмэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэв. Ийнхүү хуралдаанаар “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ