Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
УИХ-ын 2020 оны ээлжит бус чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулав. Тус байнгын хороо 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан байна.
Байнгын хорооны хуралдаанд Аюулгүй байдал, гадаад бодлогын, Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, ёс зүй, сахилга хариуцлагын, Инновац, цахим бодлогын, Нийгмийн бодлогын, Төсвийн, Үйлдвэржилтийн бодлогын, Хууль зүйн, Эдийн засгийн байнгын хороод “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт ирүүлжээ.
“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” баримт бичгүүдийн нэгдмэл, цогц, харилцан уялдаатай байдлыг хангуулах зорилгоор УИХ-ын даргын 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн захирамжаар Улсын Их Хурал дахь намын бүлэг, түүнчлэн Улсын Их Хуралд суудал бүхий нам, эвслийн төлөөлөл бүхий 29 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан ажлын хэсгийн 81 зарчмын зөрүүтэй саналын томьёолол, Байнгын хороодоос ирүүлсэн 51 зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан болохыг Л.Энх-Амгалан гишүүн танилцуулав.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудын хэмжигдэхүйц байдлыг хангах зорилгоор уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлтийн хамт батлах, мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүгийн эх үүсвэрийн үнэлгээ болон өрийн топвортой байдлын шинжилгээ хийх, хөтөлбөрт туссан эдийн засагг нөлөө үзүүлэх 10 томоохон төсөлд шаардагдах санхүүжилтийг орчин үеийн санхүүгийн боломжит бүх хэрэгслүүдийг ашиглан санхүүжүүлж хэрэгжүүлэхийг тус тус Засгийн газарт даалгасан заалт, дэд заалтыг тогтоолын төсөлд нэмж тусгах санал гарсан гэв.
Тогтоолын хавсралтад тусгагдсан “Ковид-19 халдварт цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого”, “Хүний хөгжлийн бодлого”, “Эдийн засгийн бодлого”, “Засаглалын бодпого", “Ногоон хөгжлийн бодлого”, “Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого" бүлгүүдэд тусгагдсан зорилтуудтай холбогдуулан тус 6 бүлэг зорилтуудад нэмж тусгах, өөрчлөх, хасах зарчмын зөрүүтэй санал гаргажээ. Мөн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулж, саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн, дэмжээгүйгээр нь ангилсан байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулсан юм. Тогтоолын төсөлтэй холбоотой 6 саналаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Мөн төслийн хавсралттай холбоотой Ажлын хэсгийн 78, гишүүдийн гаргаж харъяалах Байнгын хороогоор хэлэлцүүлэн, Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлснийг нь дэмжсэн 19, Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжээгүй 22 саналаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ингээд “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ