Ш.Адьшаа, Б.Дэлгэрсайхан нар БНХАУ-ын Элчин сайд Чай Вэньруйтай уулзлаа
Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Дэлгэрсайхан нар өнөөдөр (2020.08.27) БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан "Ковид-19" цар тахлын онцгой байдлын үед ч Монгол, Хятадын харилцаа идэвхтэй явагдаж буйд баяртай байгааг онцоллоо. Монгол Улсад онцгой дэглэм тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш БНХАУ-аас манай улсын 4176 иргэнийг 6 удаагийн таталтаар аваад байна.
БНХАУ-д их, дээд сургууль, дунд сургуулийн үйл ажиллагаа эхэлж буйтай холбогдуулан манай оюутан сурагчид БНХАУ руу зорчих мөн холимог гэр бүлийн гишүүд БНХАУ-д зорчих хүсэлт илэрхийлж байна. Энэ асуудлыг Хятадын тал нааштай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Мөн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Монгол-Хятадын парламентын бүлэг хоёр орны хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэхэд онцгой анхааран ажиллахаа илэрхийлээд, БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар Говь-Алтай аймагт махны үйлдвэр баригдаж байна. "Ковид 19" цар тахлын улмаас үйлдвэрийн барилга угсралтын ажил удаашралтай байна. Энэ махны үйлдвэр ашиглалтад орвол Шивээхүрэнгийн боомтоор мах экспортлох боломжтой гэж үзэж байгаа учир энэ төслийг дэмжиж ажиллана гэж итгэж байна хэмээлээ.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй "Ковид 19" цар тахлын улмаас нүүрс тээвэрлэлт эрс буурсан асуудлаар Монголын талаас хэд хэдэн удаа анхааралдаа авч нэмэгдүүлж өгөхийг хүссэн. Энэ хүсэлтийн дагуу Хятадын талаас онцгой анхааран, идэвх чармайлт гарган ажилласан. Одоо цар тахлын өмнөх хэмжээнд хүртэл нүүрс тээвэрлэлтийн автомашин хилээр нэвтэрч, тоо нь эрс нэмэгдсэн, таатай нөхцөл бүрдсэн гэлээ.
Мөн хамгийн хүнд хэцүү цагт монголчууд хөрш улсдаа тусламжийн гараа сунгаж, 30 мянган хонь бэлэглэсэн явдалд Хятадын бүх ард түмэн баяртай байгааг уламжиллаа. Мөн энэ түүхэн үйл хэрэг дэлхийд хоёр орны найрсаг хамтын ажиллагааг таниулсан үйл явдал болсныг тодотголоо.
Уулзалтын төгсгөлд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт идэвхтэй хөгжиж буй нь хоёр орны ард түмний эрх ашигт бүрэн нийцэж, бүс нутгийн энхтайван, хөгжил дэвшилд талууд идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ