“Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоол батлагдлаа

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулиар Төсвийн зарлагын хяналтын дэд хороо бусад Байнгын хороод, нам, эвслийн бүлэг төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн нэгтгэн гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулах зохицуулалттай. Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Б.Пүрэвдорж санал, дүгнэлтээ танилцуулсан юм.


Дэд хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, С.Чинзориг, Н.Энхболд нар асуулт асууж, Улсын Их Хурлын дарга, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга, Улсын Их Хурлын Тамгын газраас холбогдох тодруулга, тайлбарыг авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Х.Булгантуяа нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа  Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны саналаар “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулав.


Нэгдсэн хуралдаанд оролцсон 62 гишүүний 35 нь буюу 56.2 хувь нь дэмжснээр “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын танилцуулснаар гишүүд эцсийн найруулгыг сонслоо.   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ