Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулахыг дэмжив

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулав.


Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийн үзэл баримтлалыг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Тус байнгын хороо 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг зүйл тус бүрээр нь хэлэлцсэн.


УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн төслийн 2 дугаар зүйлийг “Хуулийн төслийг баталсан өдрөөс эхлэн 2020 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.” хэмээн өөрчлөн найруулах санал гаргасан байна. Уг асуудлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 10.1.6-д заасны дагуу зохицуулах боломжтой гэж үзэн, хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувийн саналаар дэмжээгүй болно. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн цөөнх болсон гэлээ.


Төсвийн байнгын хороо дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийснээс хойш нөхцөл байдлыг дахин судалж үзсэний үндсэн дээр төслийг анхны хэлэлцүүлэгт буцаах хүсэлтийг санал, дүгнэлтдээ танилцууллаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөр 2020 оны төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэх юм. Харин коронавирус (КОВИД-19)-ын цар тахлын нөлөөлөл 2021 онд ч үргэлжлэх эрсдэл байгааг тооцож УИХ-ын зүгээс тодорхой чиглэл, зохицуулалтын шаардлагыг Засгийн газарт өгөх нь зүйтэй хэмээн үзсэн гэв.


УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.8-д “Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах шаардлагатай гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн бол хуулийн төслийг Байнгын хороонд буцаана” хэмээн заасан байдгийг Г.Занданшатар дарга танилцуулаад Байнгын хорооны горимын саналаар санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон 66 гишүүний олонх буюу 51.5 хувийн саналаар уг горимын саналыг дэмжсэн тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ