Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.25) хуралдаан гишүүдийн 58.8 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир, М.Оюунчимэг нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл, тайлбар авсан.
Гишүүдийн асуултын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хариулахдаа, үндсэн чиглэлийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрлөх эрхийг хангах бодлого, олон зорилт, бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөөд байгааг хэллээ. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолбор барихаар төлөвлөөд байгаа, газрын асуудлыг нь шийдсэн, зураг төслийн ажлыг гүйцэтгэж байна гэв. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, үйлчилгээг сайжруулах төслийг хэрэгжүүлж байгаа талаар, энэ хүрээнд боловсруулаад буй хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах талаар үндсэн чиглэлийн төсөлд тусгасан эсэхийг тодруулсан Б.Жаргалмаа гишүүний асуултад С.Мөнхсайхан сайд хариулт өгсөн.
Зүрх, судасны өвчлөл нь манай хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог бол удаад нь хорт хавдар, гуравдугаарт гадны шалтгаант нас баралт бичигддэг байна. Гадны шалтгаант нас баралтыг нарийвчлан судлахад нэн тэргүүнд осол гэмтэл, хоёрдугаарт амиа хорлолт байдаг. Энэ мэт судалгаа, мэдээллээс дүгнэхэд нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг анхаарч үзэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага бий гэдгийг Эрүүл мэндийн сайд тайлбарлалаа. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг анхаарч үзэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд тусдаа бүтэц байгуулахын оронд аймаг, дүүргийн түвшинд Эрүүл мэндийг дэмжих төв дээр сэтгэлзүйч эмч нар ажилладаг, шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл өгч, эмчилгээ үйлчилгээ үзүүлэх боломж бий гэлээ.
Түүнчлэн амиа хорлолт дундаа өсвөр насны хүүхдүүдийн асуудал анхаарал татахуйц нөхцөлтэй байгааг онцолж байв. Тиймээс ерөнхий боловсролын сургуульд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох, сургуулиуд дээр чадварлаг сэтгэлзүйч эмч, нийгмийн ажилтнуудыг бэлтгэж ажиллуулах нь нэн чухал гэлээ. Салбарын яамны зүгээс цаашид энэ асуудалд анхаарал хандуулж ажиллахаар төлөвлөж байгаа гэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон тусгай хэрэгцээт боловсролын асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр мэдээлэл өгсөн юм. Салбарын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулан сургах бодлого баримталж ажиллаж байгаа. Түүнчлэн ЖАЙКА-тай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулан сургах сургалтын хөтөлбөр, агуулга боловсруулан, хоёр жил хэрэгжүүлсэн. Тус байгууллагатай хамтран байгуулсан 4 сургууль ашиглалтад орсноор тусгай хэрэгцээт боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн асуудлыг шийдэл болж байгаа бөгөөд 10 дугаар сараас ашиглалтад орох юм байна. Боловсролын салбарын багц хуулийн төслийг боловсруулаад байгаа бөгөөд төслүүдэд энэ талаар тодорхой зохицуулалтуудыг тусгасан байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж байгаа багш нарын цалингийн урамшууллыг 10 хувиар тогтоосон Засгийн газрын тогтоол батлагдсан гэдгийг хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслүүдийн уялдаа холбоог хангах шаардлагын талаар байр сууриа илэрхийлээд, их, дээд сургуулийг Дорнод, Орхон-Уул аймаг, Багануур дүүрэгт шилжүүлэх, энэ хүрээнд орон нутагт оюутны хотхон байгуулах ажлыг эхлүүлэх арга хэмжээний хөрөнгийг төслийн III хавсралт буюу хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгуулах саналаа илэрхийлсэн. Орон нутагт одоо үйл ажиллагаа явуулж буй дээд боловсролын байгууллагуудыг түшиглэж, оюутны хотхон байгуулах ажлыг төлөвлөн ажиллаж байгаа гэдгийг салбарын дэд сайд хэлээд, энэ төрлийн ажлын гүйцэтгэл хийгдэхгүй байгаа шалтгаан нь төсөв, хөрөнгийг шийдээгүй байгаагаас үүдэлтэй гэдгийг тайлбарлалаа. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, үндсэн чиглэлийн төсөлд дундаж давхаргыг дэмжих, улмаар өргөжүүлэх асуудлыг тусгасан гэдгийг онцлоод энэ хүрээнд ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг хамгаалах, нэмэгдүүлэх шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн. Үндсэн чиглэлийн төслийн зорилт 3.4-т “Дундаж давхаргыг тэлэхэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээг бэхжүүлнэ” хэмээн тодорхойлж, энэ хүрээндээ зорилтот санхүүжилт, хөнгөлөлт, хүртээмжтэй үйлчилгээний бодлогыг хэрэгжүүлэх тогтолцоо бүрдсэн байна, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг тэтгэж, зээлийн хүүг бууруулсан байна гэж тодорхойлсон нь хэрэгжих бололцоо бий эсэхийг лавлав.
Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг МСҮТ-ийн үйл ажиллагаатай уялдуулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөний талаар тодруулж А.Ариунзаяа сайд болон Сангийн сайдаас хариулт авсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ойрын зорилт бол халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү шилжих, үүнийг дэмжих, МСҮТ-ийн суралцагчдыг бодлогоор дэмжих ажлуудыг хийхээр судалгаа, тооцооллын ажлаа хийгээд байгаа гэлээ. Төсөлд нийгмийн дундаж давхарыг тэлэх чиглэлээр тодорхой бодлого, олон зорилтууд тусгагдсан байна. Боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, орон сууцны хангамжийг сайжруулах, зээлийн хүүг бууруулах, баялагийн шударга хуваарилалтын асуудал, Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, гарааны бизнесийг дэмжих замаар өргөжүүлэх зэрэг зорилтууд цогцоороо хэрэгжснээр дундаж давхарыг тэлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзсэн байна.
Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих зорилгоор салбарын яам онцгой анхаарч, өнгөрсөн 2019 онд улсын хэмжээнд 8000 гаруй иргэнд 5.1 тэрбум төгрөгийн зээл олгосон гэв. Энэ арга хэмжээг өргөжүүлэх, зээлийн хүүг бууруулах чиглэлд зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн үндсэн чиглэлийн төсөлд үйлдвэрлэлийн хотхонуудыг байгуулах зорилт туссан бөгөөд энэ хүрээнд ажлын хэсэг байгуулан судалгаа, төлөвлөлтүүд хийгдээд байгаа гэлээ.
Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Туваан нийслэлийн дагуул хотуудын бүтээн байгуулалттай холбоотой, Ч.Ундрам гишүүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлыг төсөлд тусгах, Ц.Сандаг-Очир гишүүн их, дээд сургуулийг орон нутагт шилжүүлэх, оюутны хотхон байгуулах асуудлын төсөв, хөрөнгө оруулалтыг шийдэх асуудлыг үндсэн чиглэлд тусгах санал гаргасан юм. Хуралдаанаар үргэлжлүүлэн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ