Ерөнхий сайд залуу бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр стартап компанийн эзэд буюу технологид суурилсан интернет компанийн үүсгэн байгуулагч, залуу бизнес эрхлэгчдийн “Дриймерс” нэгдлийн төлөөллийг албан өрөөндөө хүлээн авч уулзав. Мэдээллийн эрин зуунд, технологийн дэвшлийг ашиглаж, улс орондоо инноваци нэвтрүүлж буй тэднийг Монгол Улсын Засгийн газраас бүх талаар дэмжинэ гэж Ерөнхий сайд хэлэв.


Уулзалтад ГХ-ны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Н.Учрал нар оролцсон. Стартапуудыг төрөөс хэрхэн дэмжих тухай бодлогын төслөө боловсруулснаа залуу бизнес эрхлэгчид Ерөнхий сайдад өгсөн. Тус төслийг хэрэгжүүлэх боломжийг судлаж, ажил хэрэг болгоход бэлтгэн шийдвэрлүүүлэхийг ГХ-ны сайдад даруй үүрэг болгосон. УИХ, ЗГ-ын түвшинд инновацийн тухай хуулийг батлан гаргасан ч хэрэгжилт удааширалтай хангалтгүй байгааг хэлж байв. Иймд дагалдах журмууд болон бусад хуулийг гаргахын зэрэгцээ мэдээллийн технологийн компаниудыг татварын хөнгөлөлтөд хамруулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, эрхзүйн орчныг боловсронгуй болгох талаар анхаарна гэлээ.


Орчин цагт бодит орон зайнаас илүү дижитал орон зай нь нийгэм түүний хөгжил, хүн төрлөхтний харилцаа, оршин буйд илүү үүрэг гүйцэтгэдэг болсон байна. Монгол Улсыг стартапуудын хязгааргүй чөлөөт бүс болговол энэ салбарын хөгжилд шууд дэмжлэг болох болно гэх санал ч уулзалтын үеэр гарч байв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ