У.Хүрэлсүх Н.Номтойбаярыг өөрөө хүсэлтээ гаргаад, шалгуул гэсэн гэв
УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар хуралдлаа. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дараах тайлбарыг өглөө."МАН-ын ээлжит бус хурал хийж завсарлалаа. Хурлаар УИХ-ын Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хүлээн авч хэлэлцлээ. Хуралд ерөнхий прокурор асуултад хариулахаас гадна Н.Номтойбаяр гишүүн өөрийнхөө тайлбарыг мөн хэллээ. УИХ-ын Халдашгүй хорооны дэд хорооны гишүүд өмнө нь хэд хэд хуралдсан ба тэдний мэдээллийг ч сонслоо. Бүлэг эцсийн шийдвэрээ гаргаагүй, түр завсарласан. Халдашгүй байдлын дэд хороо одоо 15:30-д хуралдана. Хүн бүр л өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Элдэв маргаан болоогүй. Улсын Ерөнхий прокуророос саналыг өргөн барихдаа анх нууцын зэрэглэлтэй өгсөн. Тиймээс бүлэг нууцаар хуралдсан. Мөн Халдашгүй байдлын дэд хороо хаалттай хуралдана. Чуулган хаалттай хуралдах эсэх нь Халдашгүй байдлын дэд хорооны хурлаас шалтгаална. Өнөөдөр Ч.Улаан сайд ирсэн ба дэд хорооны бүх гишүүд хуралдах боломжтой болсон.
МАН-ын дарга У.Хүрэлсүх түүнийг өөрөө шалгуулах хүсэлтээ гаргаад, түдгэлзэх нь зөв шийдвэр хэмээх саналыг хэлсэн. Харин Н.Номтойбаяр "Энэ талаар бодъё, Халдашгүй байдлын дэд хорооны хурлаар ярья" гэсэн хариуг өгсөн" гэсэн юм.
Улсын ерөнхий прокурор УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал энэ сарын 15-ны өдөр УИХ-д ирсэн.
Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Би хууль зөрчөөгүй, гэмт үйлдэл хийгээгүй учраас өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй. Би өөрийнхөө гэм буруугүйг нотлох баримтуудыг бүлгийн даргадаа танилцуулсан. Нотлох баримтыг шалгахгүй, мэдүүлэг авахгүй байж намайг буруутгаж байсан тул би аргагүйн эрхэнд хэвлэлд хандсан. Энэ асуудлыг улс төржүүлж байгаа учраас би нээлттэй явуул гэж хүсээд байгаа юм. Би одоо бүгдийг нь нотолно. Тиймээс ч би бүх хуралдааныг нээлттэй явуулаач гээд байгаа юм" гэсэн юм.
Өнөөдөр 15:30 цагт УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ