Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Австралийн Холбооны Улсад болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцох үеэрээ бүс нутгийн улс орнуудын парламентын төлөөлөгчидтэй хэд хэдэн уулзалт хийв.
Лаостай хөдөө аж ахуйн салбарт шинээр хамтран ажиллахыг уриаллаа
УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Лаос Ард Улсын Үндэсний ассамблейн (парламент) ерөнхийлөгч, хатагтай Пани Яатхотоутай уулзах үеэрээ хоёр орны уламжлалт найрсаг харилцааг худалдаа, эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх нь чухал болохыг тэмдэглэлээ.
Тэрбээр уламжлалт хөдөө аж ахуйн салбараа өргөжүүлж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломж байгааг онцлов. Тухайлбал, Монголын ноос, ноолуур, мах, махан бүтээгдэхүүнийг Лаост гаргаж, Монголд Лаосын тариаланчид цагаан будаа, газар тариалан хамтран эрхлэх боломжтой гэв.
Хатагтай Пани Яатхотоу Монголоос амьд хонь авч нутагшуулан, амжилттай үржүүлж байгааг дурдаад, УИХ-ын даргын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж, Засгийн газартаа энэ асуудлыг танилцуулна гэв.
Ясухиро Накасонэ-гийн хүүд хүндэтгэл үзүүлэв
Чуулганд оролцсон Япон Улсын төлөөлөгчдийг Японы нэрт улстөрч Хирофүми Накасонэ тэргүүлэн иржээ. Тэрбээр Япон Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ясухиро Накасонэгийн хүү бөгөөд Японы Боловсрол, шинжлэх ухаан, соёлын сайд, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан юм.
Эцэг Ясухиро Накасонэ 101 насандаа өнгөрсөн жил таалал төгссөн бөгөөд хүү Накасонэ өдгөө 75 настай, Японы Либерал Ардчилсан Намыг төлөөлсөн парламентын гишүүн аж.
УИХ-ын дарга Г.Занданшатар Хирофүми Накасонэд хандаж, “Таны аав Ясухиро Накасонэ Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулган хэмээх олон улсын энэ том байгууллагыг санаачлагч билээ. Өдгөө 30 жилийн түүхтэй энэ байгууллага бүс нутгийн парламентуудыг дэлхий нийтийн тулгамдсан асуудалд анхаарлаа хандуулж, бодлого тодорхойлох, хууль тогтоох аргаар шийдвэрлэх, нэгдмэл эрмэлзэл, хамтын хүчин чармайлтыг нэгтгэн зангидахад чухал үүрэг гүйцэтгэж байгаад гүнээ талархаж, хүндэтгэл үзүүлж байгааг минь хүлээн авна уу” гэлээ.
Түүнчлэн Монгол, Япон хоёр орны парламентуудын хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө Улсын Их Хурал анхаарлаа хандуулах болно гээд, ноён Хирофүми Накасонэд сайн сайхныг хүссэн юм.
Ноён Хирофүми Накасонэ УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлээд, хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулахдаа баяртай байх болно гэв.
К.Косачев ярьснаа хоосон орхихгүй, заавал ажил хэрэг болгоно гэж амлалаа
УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны Зөвлөлийн олон улсын асуудал хариуцсан Байнгын хорооны дарга Константин Косачевтай уулзах үеэрээ сайн хөршийн найрсаг харилцаагаа худалдаа, эдийн засгийн өргөн агуулгаар баяжуулах, хамтарсан томоохон төсөл хэрэгжүүлэх нь чухал байгааг онцоллоо.
Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний өнгөрсөн онд Монгол Улсад хийсэн айлчлал хоёр орны хамтын ажиллагаанд чухал түлхэц болсныг тэмдэглэв. Түүнчлэн өнгөрсөн онд 80 жилийн ойг нь тэмдэглэсэн Халхын голын ялалт бол хоёр орны ард түмнүүдийн хамтын ялалт, найрамдал нөхөрлөлийн бат илэрхийлэл болохыг онцлон дурдлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр орны хооронд хийж буй худалдааны эргэлтэд тэнцвэрийг хангах нь чухал гэж үзэж байгаагаа хэллээ . Өөрөөр хэлбэл, Монголоос Орост экспортолж буй бараа, бүтээгдэхүүний хэмжээ Оросоос Монголд оруулж буй бүтээгдэхүүний нийт хэмжээнээс хэдэн арав дахин бага байгааг өөрчлөх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн юм.
Мөн манай экспортын бараа бүтээгдэхүүний татварыг багасгах буюу нэн хөнгөлөлттэй нөхцөлд хамруулах, хийн хоолой, төмөр зам зэрэг томоохон төслүүдийг хойшлуулалгүй ажил хэрэг болгоход Холбооны Зөвлөл онцгойлон анхаарна гэдэгт итгэж байгаагаа тэмдэглэв.
Ноён К.Косачев “Би Монголд хайртай. Олон удаа танай сайхан оронд очиж байсан. Ах дүү ёсны хамтын ажиллагаа, дайны талбар, энх цагийн аль алинд гүн бат нөхөрлөлөөр гагнагдсан харилцаагаа шинэ үед шинээр баяжуулан, хөгжүүлэх нь Та бидний үүрэг юм” гэлээ.
Тэрбээр “Евразийн эдийн засгийн холбоо, Эдийн засгийн коридор зэрэг үр ашиг нь тодорхой, өгөөж нь их төслүүдэд Монгол Улс идэвхтэй оролцох нь чухал юм. Бидний хувьд ярьснаа хоосон орхихгүй гэдэгт итгэж болно. Дэвшүүлсэн, тохиролцсон асуудлуудаа заавал ажил хэрэг болгоно” хэмээн амлалаа.
Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэх талаар Парламентууд хамтран ажиллах санал тавив
УИХ-ын дарга Г.За нданшатар Малайзын парламентын дэд дарга Дато Мохд Рашид Хаснонтой уулзах үеэрээ Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг Малайзад хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ .
Тэрбээр “Манай иргэний амь насыг хөнөөсөн жигшүүрт хэрэг гараад цөөнгүй жил болж байна. Хэргийг хугацаа алдалгүй эцэслэн шийдвэрлэх ёстой гэж бид үзэж байна. Үүнд түлхэц үзүүлэх зорилгоор хоёр орны парламентууд хамтарсан Ажлын хэсэг байгуулж ажиллах саналыг тавьж байна” гэв.
Ноён Дато Мохд Рашид Хаснон “Шинэ Засгийн газар байгуулагдаж, уг хэргийг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Улс төрийн талаас нөхцөл байдал өөр болсон нь энэ хэргийг шийдвэрлэхэд дөхөм үзүүлнэ гэдэгт итгэж болно. Гэхдээ тодорхой цаг хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгоорой. Таны тавьсан саналын талаар Монгол Улсын Их Хурлаас албан ёсны шийдвэр гаргаж, ирүүлбэл сайн байна” гэсэн юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-аас ойрын үед тогтоол гаргаж хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ