Малын хулгайчидын ялыг чангатгана
Малын хулгайн сэдэв малчдыг үргэлж зовоосоор ирсэн. Харин сүүлийн үед малыг бэлчээр дээр нь буудаж хулгайлах гэх мэт арай л даварсан гэмээр хэрэг үйлдэгдэж байгаа тухай мэдээ гарах болсон. Тэгвэл яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Уг төслийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
Малын хулгайч нарт ногдуулах ялын бодлогыг чангатгаж, 240-250 цагаар нийтэд тустай ажил эрхлэх гэдгийг өөрчлөх. Захиргааны хариуцлага ногдуулахын оронд Эрүүгийн хариуцлага оноох ёстой гэж үзэж байна. Малын хулгайтай тэмцэхэд Ялын бодлогыг чангатгахаас гадна малчдын нөхөрлөл бий болгох, мэдээллийн баазыг өргөтгөх зэргээр ажиллах шаардлага байна гэлээ.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар:
Малын хулгайчдад оноох ял гурван янз. Авто машин ашиглаагүй, улсын хилээр нэвтрүүлээгүй, гойд ашиг шимтэй мал хулгайлаагүй бол зургаан сараас 5 жилээр хоригдоно. Хоёр бод хулгайлвал олон тооны мал хулгайлсанд тооцно. Найман бог хулгайлвал 2-8 жилийн хорих ял сонсоно. Машин механизм ашиглаж хулгай хийсэн бол хүндэрнэ. Гойд ашиг шимтэй нэг мал хулгайлвал 2-8 жилээр хоригдоно. Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, бүлэглэсэн бол 5-12 жилээр хоригдоно гэлээ.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ