С.Чинзориг: Салхитын мөнгөний ордыг барьцаалан бонд босгож, тэтгэврийн зээлийг тэглэнэ

Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан ажлын хэсэг Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүллээ.

Ажлын хэсэг баасан гарагаас эхлээд гурав хоног Монголбанк, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй хамтран иргэдийн зээлийн төрөөс нэг удаа төлөх хуулийн төслийг боловсруулснаа ийнхүү өнөөдөр танилцуулсан бөгөөд Засгийн газрын хуралдаанаас хуулийн төслийг нэн яаралтай горимоор УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Ажлын хэсгийг ахлан ажилласан ХНХ-ын сайд С.Чинзориг хуулийн төслийн талаар танилцуулга хийлээ.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар 229 мянган тэтгэвэр авагч иргэн нийтдээ 763.3 тэрбум төгрөгийн зээлтэй байна. Арилжааны банканд тэтгэврийн зээлтэй байгаа нийт иргэдийн 95 хувь нь найман сая төгрөгөөс доош хэмжээний зээлтэй байна. Байгалийн баялгаас олж байгаа орлогыг иргэдэд тэгш, хүртээмжтэй хуваарилах асуудал ярьж байгаа учраас тэтгэвргээ барьцаалан зээл авсан иргэдийн зээлийн хэмжээнээс үл хамааран бүх зээлийн үлдэгдэл өрийг тэглэх арга хэмжээнд хамруулна. 

Үүнд зөвхөн ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэх асуудал биш тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг иргэд тэтгэврээ барцаалан зээл авсан бол, хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас 55, 60 нас хүрэхээсээ өмнө тэтгэвэрт гарсан иргэд тэтгэвэрээ барьцаалан зээл авсан бол мөн хамрагдана. 

Түүнчлэн цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн дагуу 55, 60 насанд хүрээгүй иргэн улсад 25 жил ажилласнаараа 45, 50 насандаа тэтгэвэрт гараад зээл авсан бол мөн хамруулна гэдэг асуудлыг хуулийн төсөлд тусгасан. 

Тэтгэвэр барьцаалан зээл авсан иргэн нас барсан бол зээлийг нь мөн тэглэнэ. Энэ мэтчилэн хамрах хүрээг нь тодорхой болгосон” гэсэн юм.

Тэтгэврийн зээлийг тэглэхэд зарцуулах санхүүгийн эх үүсвэрийг ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжид Салхитын мөнгөний ордыг барьцаалан бонд босгох замаар бий болгохоор тусгасан. Тэгвэл энэ талаар С.Чинзориг Салхитын мөнгөний ордын лицензийг 2018 онд хууль зөрчсөн хэмээн түдгэлзүүлж "Эрдэнэс Монгол" ХХК-д шилжүүлсэн. Ингээд "Эрдэнэс Монгол" компанийн охин компани болох "Эрдэнэс силвер ресурс" гэдэг компани байгуулан уг компанид Салхитын мөнгөний ордын лицензийг шилжүүлсэн гэв.

БНХАУ-ын эзэмшигч тал нь хууль зөрчсөн хэмээн захиргааны хэргийн шүүхэд хандсан ч хууль бус гэсэн нэхэмжлэлийг хоёр шатны шүүх үндэслэлгүй гэж үзсэн тул Салхитын мөнгөний орд шүүхийн ямар нэг маргаангүй гэдгийг ХНХ-ын сайд С.Чинзориг хэллээ. 

Харин тус ордын нөөцийн талаар “Салхитын мөнгөний ордны  ашиглалтын талбайн гуравны хоёрт нь хайгуул хийсэн. Хайгуул хийсэн судалгаанаас үзэхэд 808 тонн мөнгө, 1.1 тонн алтны нөөцтэй нь тогтоогдсон. Энэ ордын нөөцийг барьцаалан бонд гаргаж, арилжааны банкуудад худалдаална. Салхитын мөнгөний ордоос олборлож байгаа эрдэс баялгийг нь Монголбанк худалдан авч шилжүүлснээр өрийг барагдуулна. Ямартай ч ирэх хоёрдугаар сард багтаан ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх арга хэмжээ авахаар ажиллаж байна” гэсэн тайлбарыг өглөө.

Компанийн харьяанд байгаа ордын нөөцийг барьцаалж, бонд босгож байгаа учраас төсвөөс гадуур зохицуулагдаж байна гэж ойлгож болно. Тиймээс төсөвт хүндрэл учирна гэсэн ойлголт байхгүй гэв.

Цаашдаа иргэдийн шууд орлогыг барьцаалан тэтгэврийн зээл олгож байгааг оновчгүй гэж үзсэн учраас тэтгэврийн зээлийг зогсоож, гурван сарын хугацаатай хүүгүй зээл олгох байдлаар шийдэх саналтай байгаа юм байна.

Тэтгэврийн зээл авсан ахмадуудын 90.6 хувь нь зургаан саяас доош зээлтэй байгаа бөгөөд зургаан саяас доош тэтгэврийн зээлийг зуун хувь чөлөөлж, түүнээс дээш зээлтэй бол хувилан тооцох талаар Засгийн газрын хуралдаанаар ярилцсан ч Ерөнхий сайд ялгавартай хандахгүй байх үүднээс бүгдийг нь тэглэхээр хуулийн төсөлд тусгасан байна. 

Бүрэн тэтгэврийг 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх саналтай байгаа бөгөөд ингэвэл бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөгт хүрэх юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин