АН: Зөвхөн ахмадууд биш бүх иргэнээ өрийн дарамтаас гаргах хэрэгтэй
УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр хуралдаж, тэтгэврийн зээл тэглэх асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ. АН-ын зөвлөлөөс тэтгэврийн зээлийг тэглэх Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжсэн байна. Харин байгалийн баялгийг иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах, тодорхой хууль гаргаж, стратегийн ордуудаас хувь хүртээдэг болох шаардлагатай гэж үзсэн байна.
Энэ талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Иргэдийг өрийн дарамтаас гаргах нь тулгамдсан асуудал. Тиймээс АН-аас иргэдээ зээлийн дарамтаас гаргах ажлуудыг санаачилж байгаа. Тиймээс тэтгэврийн зээл тэглэх Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж байгаа. ҮАБЗ-ийн зөвлөмжийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна. АН Ерөнхийлөгчийг сонгуульд өрсөлдөж байхад хүн бүрийг нэг удаа өрийг нь тэглэх асуудлыг ярьсан. ҮАБЗ-ийн шийдвэр үүнийг биелүүлэх эхний алхам гэж үзэж байна. Харин зөвхөн Салхитын мөнгөний ордыг ашиглах нь буруу. Цаашид бүх ордоо ашиглаж, иргэдэд баялгаа тэгш хуваарилах нь зөв.. Зөвхөн ахмад настнууд биш, бүх иргэнээ өрийн дарамтаас салгах чиглэл рүү анхаарах шаардлагатай. Үүнд манай намынхан анхаарна. Харин сонгуулийн шоу хийж, эдийн засгаа хохироох байдал руу битгий ороосой" гэлээ.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг мэргэжлийн үүднээс хандах шаардлага байна. Байгалийн баялгийг тэгш хүртээмжтэй хуваарилах талаар ярьдаг. ҮАБЗ Үндсэн хуульд орсон өөрчлөлтийн дагуу шийдвэр гаргаж байгаа байх. Мөн байгалийн баялгийг иргэдэд хуваарилах асуудлаар хууль батлан гаргах ёстой. Ийм хуулийн төслийг боловсруулаад хоёр жил болж байна. Зөвхөн Салхитын мөнгөний ордыг биш бүх ордоос иргэд хүртэх ёстой. Мөн Баялгийн сангийн тухай хуулийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран боловсруулсан. Үүнийг одоо УИХ-д өргөн барих хэрэгтэй. Энэ хоёр хуулийг батлан гаргаж байж, иргэдэд баялгаа тэгш хуваарилах боломж бүрдэнэ" гэлээ.
Тэрбээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг мэргэжлийн хүний хувьд хэрхэн харж байгаа вэ?
-Засгийн газрын шийдвэр өнөөдөр гарна. Ямар хувилбараар хэрэгжүүлэх гэж байгаа нь тодорхой болоогүй байна. Тиймээс ийм байна гэж хэлэхэд хүндрэлтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ