ОБЕГ-т 57.9 сая еврогийн техник олгох Санхүүгийн хэлэлцээрийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол, Франц хоёр улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа. Ингэснээр Францын Засгийн газар манай улсын онцгой байдлын байгууллагад 57.9 сая еврогийн зээлээр техникийн тусламж үзүүлэхээр болов. Тодруулбал, "Airbus ЕС-145" загварын гурван нисдэг тэрэг, сургалтын бага оврын нэг нисдэг тэрэг нийлүүлж, симулятор, ангар, шатахуун цэнэглэх, хүйтний нөхцөлд нефть хадгалах станц байгуулах юм. Үүнээс гадна обьектын түймэр унтраах 42 ширхэг тусгай тоноглолтой автомашин олгохоос гадна нисдэг тэрэгний нисгэгч, механикч, авианикч, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх эмч бэлтгэх юм байна. Энэхүү зээлийн хугацаа нь 30 жил, жилийн хүү 0.08 хувь, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 10 жил, хөнгөлөлтийн түвшин 60.3 хувь байх аж.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал,  УИХ-ын гишүүн О.Содбилэг шинээр нисдэг тэрэг авснаар гарах урсгал зардлыг тооцсон эсэхийг тодрууллаа. Энэ талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, 4500 метрийн өндөрт нисэх чадвартай дээрх тусгай тоноглолтой нисдэг тэргийг авах шаардлагатайг хэллээ. Тэрбээр урсгал зардлын хувьд, Сангийн яаманд танилцуулсан бөгөөд жилд гурван тэрбум төгрөгийн зардал тооцсон, төсөвт суусан гэдгийг тайлбарлалаа.

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин