У.Мөнх-Эрдэнэ: Улсын аваргатай намайг өрсөлдүүлэх хэрэггүй

МУГТ, боксчин У.Мөнх-Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа. Тэрбээр Монголын Боксын холбооны удирдлагуудын хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа хэмээн үзэж буй юм. Тэрбээр 10-р сард Казахстаны Алма-Ата хотод болох ДАШТ-д оролцохоор бэлтгэл сургууль хийж байгаа ч энэ тэмцээнд оролцох эсэх нь тодорхойгүй болжээ. Түүнээс яг юун тухай асуудал болохыг нь тодрууллаа.

-Яагаад хэвлэлийнхэнд хандах болов?

-Ирэх 10 дугаар сард Боксын эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Алма-Ата хотод болно. Дэлхийн аваргын эрэгтэйчүүдийн 10 жингийн нэмэх, хасах 91 кг, 52 кг-ын жингээс бусад 7 жинд манай улсын ширэн бээлийтнүүд хүч сорино.

Миний 64 кг-ын жингээс бусад жинд эх орноо төлөөлөн оролцох тамирчдын нэрс тодорсон. 64 кг-ын жинд уг нь би оролцох ёстой. Гэтэл энэ жил боксын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн ОУХМ З.Энхзориг бид хоёрыг сорилгод оруулж, ялагчийг нь Боксын эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулна гээд байгаа юм.

-Тэгээд яг юу нь хууль бус гэж?

-Би дэлхийд 64 кг-ын жиндээ чансаагаараа нэгдүгээрт бичигдэж байгаа. Гэтэл намайг зөвхөн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн хүнтэй адилтгаж байгаа нь сонин санагдаж байна. Ядаж ДАШТ, Олимпоос медаль авсан тамирчин бол яахав. Гэтэл оюутны спортын наадмаас ч медальгүй ирсэн тамирчинтай намайг өрсөлдүүлэх гээд байгааг гайхаж байна.

-Сорилгод явуулах шийдвэр хэзээ гарсан бэ?

-Саяхан л ийм шийдвэр гаргаад анхны сорилго тэмцээндээ намайг өнгөрсөн бямба гаригт оролц гэсэн. Гэтэл би энэ шийдвэртэй нь санал зөрж байгаа болохоор тэр сорилгод нь оролцоогүй.

-Тэгээд сорилгод оролцохгүй болохоор чамайг биш З.Энхзоригийг тэмцээнд явуулчих юм биш үү?

-Би хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж энэ хууль бус үйлдлийг нь ярьж байгаа болохоор шийдвэрээ харж үзэж, эерэгээр шийдэх байх гэдэгт итгэж байна. Миний хувьд өөрөө зардлаа олоод тэмцээн уралдаанд явъя гэхээр явуулдаггүй. Гэсэн атлаа өөрсдөө гадаадад бэлтгэл хангаж, явж явж ирчихээд яг бэлтгэлээ тааруулаад л сорилго хийнэ гээд байгаа юм. Хамгийн гол нь бэлтгэл дээр би илүү байдгийг бүгдээрээ мэдэж байж, шударга бус юмнаас шударга юм гаргах гээд сорилго хийх гээд байгаа юм. Ийм зүйл байж болохгүй ээ.

-Тэгээд чи сорилго тэмцээнд оролцоод илүү гэдгээ баталж болохгүй гэж үү?

-Би угаасаа жиндээ дэлхийд чансаагаараа тэргүүлдэг. Миний хувьд энэ жил ганцхан ОУ-ын тэмцээнд орсон.

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн. Азийн бүх шигшээ багууд орсон. Миний хувьд багаасаа хамгийн өндөр амжилтыг үзүүлж мөнгөн медаль авсан.

Би өөрийнхөө бэлтгэлийг сайн байгааг баталж ийм амжилт үзүүлсэн байтал надад ингэж хандаж болохгүй. Би тэр сорилгод оролцох бодол байхгүй. Хэрэв улсын аварга гээд ДАШТ-д явуулдаг бол би ч гэсэн арван удаагийн улсын аварга. Яг тэмцээний бэлтгэл хангагдаад явж байхад сорилт хийх гэж байгаа нь шударга бус явдал.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин