УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авч, НДШ-ийг нэмэхгүй байхаар шийдлээ
Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьсан билээ. Тэгвэл хоригтой холбоотойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулга хийлээ. Тэрбээр МАН татвар нэмэхгүй гэж амлалт өгсөн ч 7, 8 төрлийн татвар нэмсэн. Төсвийг 2 их наядын алдагдалтай, хэт өөдрөг баталсан гэх мэт олон зүйлийг сануулж, төсвийн тухай хуульд тавьсан хоригийг хүлээж авахыг санууллаа. Түүний дараа УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Хууль зүйн байнгын хорооны хуралдааны санал, дүгнэлтийг танилцуулсан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 85 хувь нь Ерөнхийлөгчийн Төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээж авах боломжгүй гэж. Харин Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд тавьсан хоригийг гишүүдийн 55 хувь нь хүлээж авах нь зүйтэй гэж үзсэнийг танилцуулав. Түүний дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Сүүлийн гурван жил дараалаад төсөвт хориг тавьж байна. Энэ жил улс төрийн өнгө агуулга бүхий хориг орж ирлээ. Би сүүлийн жилүүдэд улсын төсөв харьцангуй сайн батлагдаж байгаа. 17 хувьд хүрээд байсан төсвийн алдагдал 5.1 болж буурч, парламентын хяналтын гадуур явж байсан татвар төлөгчдийн хөрөнгө, зээл тусламжийн мөнгө хяналтад орж ирсэн. Жалга довны бодлого барилаа гэдэг үгийг сүүлийн үед хэн хүнгүй хэлэх боллоо. Жалга дов гээд байгаа газарт чинь монгол хүмүүс амьдарч байгаа. Тэр хүмүүсийн эрх ашгийг хангах л ёстой. Тэр хүмүүс төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй авах ёстой. Зөвхөн манай тойрогт 2012-2016 онд гурван л барилга баригдсан. Харин энэ 4 жилийн хугацаанд 34 барилга байгууламжийг барьсан. Зам барьсан. Гэхдээ энэ зайлшгүй хийх ёстой ажил байлаа. Энэ хөрөнгө оруулалтууд орж байж орон нутагт байгаа иргэдэд төрийн үйлчилгээ хүрч эхэлсэн. Тиймээс төсөвт тавьсан хоригийг хүлээж авах боломжгүй.
Харин нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэх асуудлыг хаана хаанаа ярих нь зүйтэй. 2017 онд гарсан шийдвэр. Өнөөдөр ч гарч байгаа шийдвэр биш. Тэтгэврийн сан алдагдалтай. Цаашид тэтгэвэр тавих боломжгүй болох нь гээд ийм шийдвэр гаргасан. Гэхдээ би НДШ-ийг 2 хувиар нэмэхийг эсэргүүцэж байгаа. Энэ амаргүй шийдвэр. Ажил олгогчдод хүнд тусна. Тиймээс Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байна. Нийгмийн даатгалын тогтолцоогоо шинэчлэх шаардлагатай. Хүн болгон нэрийн данстай болох хэрэгтэй. Хүмүүс өөрийн нэрийн дансаа шалгаад явдаг тогтолцоо руу шилжих шаардлагатай байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Ерөнхийлөгч төсвийн тухай хуулиудад тавьсан хоригийг хэлэлцэж байна. Төсвийн байнгын хороо нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх асуудалд тавьсан хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн. Нийгмийн даатгалын сан сүүлийн жилүүдэд алдагдалтай байгаа. Улсын төсвөөс энэ онд 600 тэрбум төгрөгийн алдагдлыг нөхөж өгч байгаа юм. Нийгмийн даатгалын санд тогтолцооны эрс шинэчлэл хийх шаардлага байна гэж хардаг. Нийгмийн даатгалын санг болж өгвөл олон орлогын эх үүсвэртэй болгох. Төсөв татаасаар явахгүй, өөрөө орлогын эх үүсвэрээ бүрдүүлдэг болох бодлогын өөрчлөлтийг хийх хэрэгтэй.
Ерөнхийлөгчийн хориг тавьсан хоригийг би хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байна. НДШ төлж байгаа цөөн хэдэн хүнийхээ ачааллыг давхарлаж нэмэх шаардлагагүй. Малчдын НДШ-ийг бид 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс нөхөн төлүүлэхээр байна. Магадгүй 10 жил НДШ төлөөгүй бол 5 сая төгрөг төлөх болчихоод байгаа. Одоогийн төлүүлж байгаа ханшаар тооцвол буруу. Он оныхоо итгэлцүүрээр тооцож авах хэрэгтэй шүү. Өнөөдөр малчдын 20, хувиараа бизнес эрхлэгчдийн 30 хувь нь НДШ төлдөг. Энэ төлөлтийн хэмжээг нэмэх хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг бүхэлд нь дэмжиж байгаа. НДШ-ийг 2 хувиар нэмэгдүүлж байгааг иргэдэд зөв талаас нь ойлгуулах шаардлагатай. Нийгмийн даатгалын сан, тэр дундаа тэтгэврийн сан яагаад дандаа алдагдалтай яваа юм бэ гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Уг нь 2015 онд хагас хуримтлалын, 2020 онд бүрэн хуримталын тогтолцоонд шилжих ёстой. Гэтэл одоо хагас битгий хэл Тэтгэврийн даатгалын сан 10 гаруй их няад төгрөгийн авлагатай явж байна. Одоо Тэтгэврийн даатгалын санд мөнгө байхгүй. Энэ санг мөнгөжүүлэх, иргэдийн төлж буй нэрийн дансыг мөнгөтэй болгох асуудлыг үе үеийн Засгийн газар хаяж ирсэн.
Хэмжээ хязгааргүй үрэлгэн төсөв батлаад, үрж зардаг асуудал байнга үүсдэг. Үнэхээр иргэнээ бодож байгаа бол замбараагүй үрэлгэн төсвөө болиоч. Я.Содбаатар гишүүн жалга довонд байгаа иргэдээ бодож байгаа бол Тэтгэврийн сангийнх нь өрийг өгөөч. Энэ асуудалд анхаарал тавих цаг болсон. Шимтгэл нэмэгдүүлэх, иргэдийнхээ халаасыг хоослох замаар Тэтгэврийн даатгалын санг мөнгөтэй болгоно гэвэл туйлын буруу. Замбараагүй олон хөрөнгө оруулалт, улстөржсөн төсвөө болиод, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад, Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн даатгалын сангаа мөнгөжүүлэх талаас нь ажилла.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Би Ерөнхйилөгчийн хоригтой холбоотой НДС-тай холбоотой зөв ойлголт өгөх хэрэгтэй байна. Сүүлийн үед Нийгмийн даатгалын сан алдагдалтай ажилладаг, ямар ч мөнгөгүй болсон мэтээр ярьж байгаа. Байдал яг ч тийм биш. Яг одоо Нийгмийн даатгалын сангийн харилцах болон хадгаламжийн үлдэгдэл 1.1 их наяд төгрөг байна. Нийгмийн тэтгэврийн даатгалын сангийн үлдэгдэл нэмэгдсэн. 2 жилийн өмнө бид арилжааны банкнаас мөнгө зээлж, тэтгэврээ тавьдаг байсан бол одоо өөрийнхөө бололцоогоор тэтгэвэр өгдөг болсон. Хоёр сарын нөөцтэй байгаа. Хэрвээ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад, орлого буурвал жаахан хэцүү байдалд орох гээд байна.
Төрөөс баримталж байгаа бодлого тогтворгүй байгаагаас болоод нийгмийн даатгалын сан хэцүүдээд байгааг улстөрчид ойлгох хэрэгтэй. Өмнөх УИХ ажилласан жил нөхөн төлүүлэх хуулийг хэрэгжүүлсэн. Үүнээс болоод огт ажиллаагүй хүмүүсийг ажилласан, НДШ-ийг төлөөгүй хүнийг төлсөн болгосон. Энэ хуулийн чинь гайгаар сүүлийн 4 жил 700 тэрбумын зарлага үүссэн. Төсвөөс санхүүжилт авч байгаа нь үнэн. Гэхдээ цэвэр НДС-д аваад байгаа юм биш. Төр хариуцах ёстой мөнгөө л өгч байгаа. 1995 оноос өмнө тэтгэвэр гарсан хүмүүсийн тэтгэврийг төр өгөх л ёстой.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: МАН их бяртай байна. НДШ-ийг нэмэх гээд л. Түүхэн дурсгалт барилгыг нураагаад, газрыг нь авах гээд л. Энэ чинь их удаан явахгүй шүү. Ерөнхийлөгч үнэн хэлсэн, замбараагүй зарлага гаргаж байна гэж. Бид бие бие рүүгээ түлхэж байгаа өрийг төлөх нь үнэн. Зарлагаа жаахан танаад, өр төлөхөдөө анхаар гэж хэлж байгаа Ерөнхийлөгчийн зөв шүү дээ. Зөвхөн 2020 онд бүх мөнгөө ингэж цацаж болохгүй. Жаахан ухаалаг ажилламаар байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэхийг би анхнаасаа эсэргүүцсэн. Ийм замбараагүй юм байж болохгүй. Иргэдийн амьдрал ямар байгаа билээ. Одоо ажил олгогч, ажилтан хоёр нийлээд 24 хувийн татвар төлж байна. Тийм байхад нэмэхээр юу болох юм бэ. Хүн болгон зээлтэй байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхгүйгээр асуудлыг шийдэх боломж бий гэж бодож байна. Ажлын байрыг нэмэгдүүлж байж ядуурал буурна. Гэтэл нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхээр яах болж байна аа. Зөвхөн шимтгэл нэмэхтэй холбоотой ч биш энэ санг шинэчлэх шаардлагатай. Олон улсын их аятайхан жишээнүүд байна шүү дээ.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Улс төрийн өнгө аястай хориг байна. Тулгамдаад байгаа асуудалд гаргалгаа гаргах чиглэлийн санаа оноо энд огтхон ч алга. Өөрсдийнхөө гаргасан алдааг бусад руу түлхсэн. Хийж чадаагүй ажлыг нь хийх гэж байна гэж бодож байгаа юм шиг хориг байна. Тиймээс энэ хоригийг хүлээж авч болохгүй. Монгол Улс зээлээ төлж чадахгүй болтлоо дампуурсан шүү дээ. Төсөв байна гэж хэлтэл нь улс орныг удирдаж байсан цаг үе 3 жилийн өмнө байсан. Одоо цэгцрэх нь цэгцрээд явж байна. Бүх юм сайхан болсон гэж хэлэхгүй, алдаатай зүйл бий. Түүнийгээ цааш нь засаад явах л хэрэгтэй. Хүнд хэцүү үедээ бид ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан. 2017 оны дөрөвдүгээр сар. Одоо юм гайгүй болоод ирэхээр л хамтарч ажилласан байгууллагатай тохирсон зүйл хамаагүй гэсэн байдлаар хандаж байна. Энэ хориг тийм л харагдаж байгаа. Тэгвэл Монгол Улсын төрд хэн итгэх вэ. Өмнө нь манайд итгэдэггүй байсныг өөрчилөхийн төлөө ажиллаж, үр дүнд хүрсэн. Гэтэл дахиад ийм зам руу оруулах гэж байна. Тийм учраас энэ хоригийг хүлээж авч болохгүй. Дэлхийн бусад орнуудтай тохирсон зүйлээ бид биелүүлж л байх ёстой.
Гишүүд үг хэлж, асуулт асуусны дараа байнгын хорооны саналаар санал хураалт явууллаа. Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих, хоригийн хавсралтад дурдсан 386 барилга, арга хэмжээнд хэсэгчлэн хориг тавьсныг хүлээн авах боломжгүй гэсэн саналын томъёлоллоор санал хураав. Санал хураалтад 40 гишүүн оролцож, 28 гишүүн хүлээж авах боломжгүй гэж үзэж, 70 хувийн саналаар хүлээж авах боломжгүй гэж үзэв.
Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан 1,828,930.3 сая төгрөгөөс 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350,846.7 сая төгрөгийг хасуулахаар тухай зүйлд хэсэгчлэн хориг тавьсныг хүлээж авах боломжгүй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулав. Санал хураалтад 41 гишүүн оролцож, 30 гишүүн дэмжиж, 73.2 хувийн саналаар хоригийг хүлээж авсангүй.
Түүнчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн саналын томъёолллоор санал хураалт явуулав. Санал хураалтад 41 гишүүн оролцож, 31 нь дэмжиж, хоригийг хүлээж авсангүй.
Харин УИХ 2019 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр баталсан нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлээр батлагдсан НДС-гийн орлогод НДШ-ийн 2020 онд нэмэгдэх хувь хэмжээний нэмэгдлээс төвлөрөхөөр тооцоологдсон 174.2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалаа. Санал хураалтад 41 гишүүн оролцож, 21 нь дэмжиж, 51.2 хувийн саналаар хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.
Тэгвэл УИХ 2019 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр баталсан нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлээр батлагдсан Нийгмийн даатгалын сангийн зарлагад НДШ-ийн 2020 онд нэмэгдэх хувь хэмжээний нэмэгдлээс төвлөрөхөөр тооцоологдсон 174.2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалаа. Санал хураалтад 41 гишүүн оролцож, 28 нь хүлээж авахгүй гэсэн санал өгснөөр 31.7 хувийн саналаар хоригийг хүлээж авахгүйгээр шийдвэрлэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ