Монголд тулалдах “мангас”-уудыг танилцуулъя
Даамчдын хэллэгээр, даамын блиц тоглолтын дэлхийн аварга, ОУМ О.Түвшинболдын онож хэлснээр даамын жинхэнэ эмэгтэй “мангас”-уудын тулаан ирэх сарын эхээр Монголд болно.
Тэмцээнд оролцохоор мэдүүлгээ албан ёсоор өгсөн дэлхийн шилдэг 16 даамчныг эрэмбээр нь танилцуулъя. Чансааны эрэмбээр нэгд, дэлхийн 12 удаагийн аварга, Латвийн их мастер Зоя Голубева зогсож байна. 46 настай энэ эмэгтэй оролцогчдын хамгийн ахмад нь бөгөөд, төдий туршлагатай билээ. Даамын спортын домог болсон эмэгтэй гэж түүнийг л хэлэх биз.
Ногт ганзгалж ирэх нь мэдээж. Хоёрт, дэлхийн дөрвөн удаагийн аварга, Украйны их мастер Даръя Ткаченко эрэмбэлэгджээ. Мөн л ногт ганзагалагчдын нэг. Гуравт, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Голландын их мастер Нина Хукман явна.
Ногттой нь мэдээж. Дөрөвт, давхар ногттой, одоогийн дэлхийн аварга цолын эзэн, ОХУ-ын их мастер, дэлхийн таван удаагийн аварга Тамара Тансыккужина "Надаас өөр хэн байх вэ" гэсээр айсуй. Тавд, дэлхийн оюуны спортын их наадмын аварга, Беларусийн их мастер Ольга Федерович баттай зогсоно. Дотроо бодолтой яваа нь мэдээж. Зургаад, дэлхийн оюуны их наадмын аварга, ОХУ-ын саха бүсгүй, их мастер Матрена Ноговицына баараггүй багтжээ.
Долоод, дэлхийн оюуны спортын их наадмын мөнгөн медальт, Украйны их мастер Виктория Мотричко орсон нь тодорхой боллоо. Наймд, Ази тивийн аварга, их мастер Монголын М.Нямжаргал байраа эзэлсэн байна. Эх орны дэвжээ ивээвэл “битүү морь” гэсэн үг. Есөд, бас нэг “битүү морь”, Азийн аварга, манай их мастер Э.Мандахнаран зогсоно. Аравт, дэлхийн залуучуудын аварга, ОУМ Хятадын Ханчин Жао харагдана. Их ирээдүйтэй бүсгүй гэнэ билээ.
Арваннэгд, Европын аваргын мөнгөн медальт, үзэсгэлэнт польш бүсгүй, ОУМ Наталиа Садовска эрэмбэ авчээ. Арванхоёрт, ОХУ-ын аварга, ОУМ Аиына Собакина жагсчээ. Арвангуравт, Литва улсын аварга, ОУМ Лайма Адлите байна. Уран комбинацын дэлхийн шагнал авсан гэхээр хоосонгүй нэгэн болох нь тодорхой. Арвандөрөвт, Эстоны аварга, ДДХМ Пирет Вийрма багтжээ.
Арвантавд, түргэн тоглолтын Азийн аварга, Хятадын монгол охин Г. Алтанхуар байрласан харагдана. Арванзургаад, оролцогчдын хамгийн залуу нь болох, манай спортын дэд мастер М.Одгэрэл отголжээ. 15 настай энэ охинд асар их ирээдүй буй нь ойлгомжтой.
Г.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ