Дартсын тамирчид өнөө өглөө эх орондоо ирлээ
БНХАУ-ын Шанхай хотноо болсон “IDF DARTS WORLD CUP 2013” буюу Олон улсын Дартсын холбооны Дэлхийн цомын тэмцээнээс аваргын цом алтан медаль, 2 мөнгө, нэг хүрэл медальтайгаар өнөөдөр эх орондоо ирлээ.
Монголын дартс сонирхогчдын холбоо /МДСХ/-ны тамирчин Д.Эрдэнэчимэг эмэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлж, аваргын цом хүртлээ. Наймдугаар сарын 21-25-ны өдрүүдэд болсон энэхүү тэмцээнд манай баг тамирчид 11 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон юм.
МДСХ-ны хувьд дэлхийн цомын тэмцээндэрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хос болон багийн төрлөөр дөрөв дэх жилдээ оролцож байгаа аж. 2013 оны Дэлхийн цомын эзэн Д.Эрдэнэчимэг өнгөрсөн оны тэмцээнээс анхны хүрэл цомыг эх орондоо авчирсан юм. Харин энэ удаа тэрээр амжилтаа ахиулан, алтан цомын эзэн боллоо.
МДСХ-ны тамирчид өнгөрсөн дөрөвдүгээр сард Азийн Дартсын холбооноос зохион байгуулсан Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс хосын төрлөөр М.Эрдэнэ, Д.Эрдэнэчимэг нар аваргын алтан цом хүртсэн юм.
М.Эрдэнийн хувьд Монголын дартс сонирхогчдын холбооны тэргүүнээр ажилладаг юм. Мөн өнгөрсөн долдугаар сарын 20, 21-д БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон “Бээжин-2013” олон улсын нээлттэй тэмцээнээс эмэгтэй ганцаарчилсан төрлөөр С.Гэрэлтуяа, Д.Эрдэнэчимэг нар тавдугаар байрт шалгарч, тусгай байрын шагналуудыг хүртэж байв.
Харин энэ удаагийн тэмцээнээс МДСХ-ны тамирчид дээд лигийн эмэгтэй ганцаарчилсан төрлөөр Ц.Баатар гуравдугаар байрт шалгарч хүрэл медаль, эрэгтэй ганцаарчилсан төрлөөр Б.Биндэрьяа мөнгө, Х.Одхүү дөрөвдүгээр байр, хосын төрлөөр Б.Биндэрьяа, Х.Одхүү нар мөнгөн медаль хүртэж энэ спортын хөгжлийн түвшинг тодорхойлсон үйл явдал боллоо.
Дартсын тамирчид үргэлжлүүлэн эх орондоо бэлтгэлээ хийж байгаад 9-р сарын 12-ноос Малайзад эхлэх Стилл дартсын АШТ-д өрсөлдөх ажээ.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ