ЦЕГ-аас мэдэгдэл гаргалаа

“Нарантуул” ОУХТ-д гарсан галын улмаас түрээслэгчид цагдаа нарыг хэл амаар доромжлох, телевизийн зураглаач, гэрэл зурагчдыг хөөж туух, түүнчлэн нэгнийгээ турхиран жагсаал цуглаан зохион байгуулахыг уриалах зэргээр наймаачид бухимдацгааж байна.

Тиймээс нөхцөл байдалтай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газраас захын түрээслэгч болон ард иргэдэд хандаж мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд:

Өнөөдөр буюу 2013 оны 08р сарын 23-ны өглөө 6.30 цагийн орчим “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний захад гал гарсан хэрэг, асуудлыг ЦЕГ-ын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг шалгаж байна.

Цагдаагийн алба хаагчид гал гарсан шалтгаан нөхцөл болон учирсан хохирлыг тогтоохоор мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэргийн газарт ажиллаж үзлэг, шалгалт хийж байна.

Шалгалтын ажиллагааг шуурхай явуулах, аюулгүй байдлыг хангахад “Нарантуул” захын орчмын авто замын зарим хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлаж, цагдаагийн хэв журмын хамгаалалтыг хийж байна. Иймд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл бүхий иргэд тус захын түрээслэгчид та бүхнийг болж буй асуудалд хүлээцтэй хандаж, цагдаагийн байгууллага, алба хаагчдын ажлыг хүндэтгэн тэдний тавьж байгаа хууль ёсны шаардлагыг биелүүлэхийг зөвлөж анхааруулж байна гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ