М.Энхболдын төрийг эргүүлэх мастер төлөвлөгөө

МАН-ыг МАХН нэртэй байхад нь удирдаж явсан эрхэм бол Миеэгомбын Энхболд. Тэрээр намын даргын суудалдаа дахин суухаар аль хэдийнэ бүх тохироогоо хийж, хороо найруулсан гэнэ. Ирэх аравдугаар сард болох хурлаас өмнө намын шинэчлэл ярьсан бүх нөхдүүдтэй ярьж ам хэлээ ололцоод амжиж.

Тэгэхээр энэ зуны ярианы гол хачир болоод байсан МАН-ын дараагийн дарга хэн байх вэ гэдэг асуултын хариу бараг тодорхой боллоо. Угаасаа М.Энхболдоос өөр удирдагч гэгдчих хүн ч байхгүй учир тайлал нь тун энгийн.

Үүн дээр эх сурвалжийн мэдээллээр бас нэгэн зүйл сонирхол татав. М.Энхболд хоёр томоохон мастер төлөвлөгөө боловсруулсан нь 2016 оны сонгуульд түүнийг ялалтад хөтлөж, төрийн эрхийг эргүүлэн авах гэнэ.

Түүний хамгийн гол төлөвлөгөө бол Н.Алтанхуягийг суудлаас нь ховх татах, мөн Н.Энхбаяртай харилцан тохиролцож МАХН-ыг МАН-тай нэгтгэх явдал гэнэ.

Хагарч бутарсан нэг угшилтай хоёр намыг нэгтгэх асуудал олны анхаарлыг эрхгүй татна. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдмагц М.Энхболд эргэж очсон нь түүний энэ төлөвлөгөөг батлах мэт.

Эх сурвалжийн мэдээллээр М.Энхболдыг намын дарга болоход нь Н.Энхбаяр далдаас нөлөөлж, дэмжлэг үзүүлэх юм гэнэ. Үүний дараа хоёр намыг нэгтгэх асуудал шийдэгдэж М.Энхболд хүчтэй сөрөг хүчний удирдагч болно. Энэ нь угтаа Н.Энхбаяр дахин хуучны намаа гартаа атгаж эхэллээ л гэсэн үг. 2005 оны Н.Энхбаяр ерөнхийлөгч болмогц М.Энхболдыг намын даргад зүтгүүлж байсан нөхцөл байдал цаад утгаараа давтагдана.

“МАХН-МҮАН”-ын Шударга ёс эвсэл ч задарч Засгаас гарч улмаар МАН-МАХН-ын нэгдэл УИХ-д нэг сөрөг хүчин болон кноп дарж эхэлвэл, магадгүй М.Энхболдын дараагийн төлөвлөгөө биелэх нигууртай гэнэ.

Түүний дараагийн төлөвлөгөө болох Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагах нь МАН-д ямар ашигтай вэ. Сөрөг хүчин байгаа шүү, Ардчилсан нам дангаар бүх юмыг шийдэхгүй шүү гэдгийг харуулвал л М.Энхболдод намын гишүүдээс нь өгөх хамгийн том очков болно биз.

Үүний тулд тэрээр Ардчилсан намын хагаралдаад буй олон фракцуудтай ашиг сонирхлын тохироо хийхэд л хангалттай аж. Өмнө нь ч иймэрхүү хор найруулж байсан туршлага Миеэгомбын хүүд арвин. 2006 онд Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байхад нь намынх нь бусад фракцуудтай нийлж хутган үймүүлэн, танхмийг нь унагаж байсан, улмаар өөрөө оронд нь ерөнхий сайд болж байсан эр.

Харин жил гаруйн дараа намын даргын суудлыг авсан С.Баяр түүний засгийг унагаж байсан түүхтэй.

Магадгүй хүчтэй сөрөг хүчин болсон цагт эвслийн засгийн газар байгуулагдахаас өөр гарцгүй болсон цагт цаадах чинь Д.Тэрбишдагвын оронд шадар сайд болсон тууж явж мэдэх л хорчин.

2016 оны УИХ-ын сонгуулиар Н.Энхбаяр, М.Энхболд нар гар нийлэн оролцвол өдгөө ялалтдаа эрдэж Ардчилсан намын нэрийг хөөтэй хутгаж буй Н.Алтанхуягийн засгийн газрын хийсэн ажлын балагт сүүдэрт хутгалдсан Ардчилсан нам төрийн эрхийг алдаж ч мэднэ.

М.Энхболдын хор найруулсан алсын хараанд байдал ингэж л харагдаж байгаа гэнэ шүү.

Бас нэг юм нэмээд хэлэхэд энэ байдлаар бол МАН-ыг шинэчлэнэ гээд байгаа нөхдийн нүдэн дээр байдал бүр ч дордож хуучны МАХН бий болох нь. Шинэчлэл биш хуучрал юм уу даа.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ