Сэндвичээр барьсан учир галыг зогсоох боломжгүй байжээ
“Нарантуул" олон улсын худалдааны төвд өнөөдөр 06.10 цагийн үед гал гарсан. “Нарантуул” захын доторх гоо сайхан соёлын бараа, хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг, хоолны газрын үйл ажиллагаа явуулдаг павильонууд одоогоор шатаж байна.
Хүнсний захад лаазалсан, тэсэрч дэлбэрэх аюултай бүтээгдэхүүн их байгаагаас болон хоолны газрын хийн баллон ихтэйгээс тэсэрч, дэлбэрч байгаа бололтой. Тиймээс цагдаагийн алба хаагчид түрээслэгчид болон иргэдийг галаас 500 орчим метрээс дотогш зайд оруулахгүй байгаа аж.
Мөн “Нарантуул” худалдааны төвийн Үйлдвэрчний эвлэлийнхэн захын гадна түрээслэгчидтэй уулзаж байна. Уулзалт хийх үеэр түрээслэгчид худалдаагаа хийхийг шаардсан аж. Цагдаагийн байгууллагынхан захын дотор байрлах “Хаан” банкнаас хүнсний зах хүртэлх хэсэгт хашаа татахаа мэдэгдлээ. Харин түүнээс бусад хэсэгт наймаа эрхэлдэг худалдаачид ажлаа хэвийн үргэлжлүүлж болно гэжээ.
Уг газарт Нийслэлийн болон дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж байна.
Энэ талаар 14 дүгээр хорооны Засаг дарга А.Гэрэлт-Одоос тодрууллаа.
-Одоогоор нөхцөл байдал ямар байна вэ?
-Нийслэлийн болон дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид галыг унтраагаад байна. Гэхдээ тус объектод цайны газрууд ихээр байрладаг учир газ их байгаа. Үүнээс үүдэн зарим нэг газар дэлбэрэлт үүсээд байна.
-Галын шалтгааныг тогтоосон уу?
-Тогтоогоогүй байна. Гэхдээ өглөө гал гарах үед тухай объектод цөөн тооны ажилчид байсан. Сэндвичин барилга учир нь галыг зогсоох боломжгүй байсан.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ