Ц.Мөнх-Оргилыг шалгавал яах вэ
Яах вэ гэж үү. Зүгээр л нийслэлийнхээ гудмаар алхаж явахдаа улс төрчдийн найруулсан хоронд өртөж, халуун амиа алдсан таван монголын сүнс баярлана.
Тэр шөнө зүгээр л нэг яваагүй, аминаасаа уйдсандаа Ц.Мөнх-Оргилтоны илгээсэн зандалчдын замыг тосож, халуун сум долоогоогүй гэдгийг батлахыг тэд хүсэж байгаа. Ц.Мөнх-Оргил өөрөө бараг л тэгж тайлбарладаг юм. Гэхдээ түүнийг долдугаар сарын 01-ний хэрэгт хамааралгүйгээр “Жаст” группын Ш.Батхүүтэй холбоотой хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж магадгүй байгаа аж.
Тодруулбал, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын “Стандарт” банкнаас "Жаст" группын Ш.Батхүү төрийн өмчит байгууллагуудаар баталгаа гаргуулж, барьцаалан олон сая ам.долларын зээл авсан хэрэгтэй холбогдуулан тухайн цаг үед нь Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж асан С.Баяр, Хуульзүйн сайд байсан Ц.Мөнх-Оргил нарт хуулийн байгууллагаас эрүү үүсгэн шалгаж болзошгүй.
Үнэхээр Ш.Батхүүгийн ард С.Баяр, Ц.Мөнх-Оргил нар байдаг гэх. Үүнийг улс төртэй орй байдаг хүн бүхэн гадарладаг биз. Тэднийг энэ хэрэгтэй холбогдуулан шалгаж, үнэн мөнийг нь тогтоогоод ирэхийн цагт Монголын нийгэмд уршиг дагуулж, дуулиан дэгдээсэн мөн ч олон хэргийн мөрөөр хуулийнхан орох нь тодорхой.
Адаглаад л нөгөө ертөнцөд харууслаар дүүрэн одсон олон монголын сүнс долдугаар сарын 01-нд иргэдийнхээ өөдөөс гал нээх тушаал өгсөн жинхэнэ буруутныг ард түмний өмнө зарлаж чадахгүй ч буруутан нь ямар нэг байдлаар гэсгээгдээсэй хэмээн хүлээж байгаа биз.
Харамсалтай нь энэ хэрэг үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн удирдлагууд шоронд илгээгдсэнээр бүдгэрэх тийшээ хандаж байгаа.
Ц.Мөнх-Оргил тухайн үед ерөнхийлөгч Н.Энхбаярыг онц байдал зарлах үед Онц байдлын штабыг ахалж ажилласан хүн. Онц байдлын штабын ахлагчийн тушаалгүйгээр цагдаагийн удирдлагууд үүрэг өгч ардын хүүхдүүдийн өөдөөс халуун сум илгээсэн гэхэд хачирхмаар, тэнэг хүн ч ойлгомоор энэ хэргийн ард хийгүй сугарч үлдээд тавлаж суудаг гэх.
Бүр ерөнхийлөгч Ц.Элбэгдорж долдугаар сарын 01-ний хэрэгт төр нь ард түмнээсээ уучлал гуйх тогтоолын төслийг бэлдээд УИХ-аар оруулахад МАН Ц.Мөнх-Оргил тэргүүтнүүд хэлэлцээд олонхоороо унагаж, тохуурхаж байсныг ард түмэн мартахгүй.
Ц.Элбэгдорж, Ц.Мөнх-Оргил хоёр адилхан л Харвард төгссөн өндөр боловсролтой, дээд түвшинд бэлтгэгдсэн төрийн харчууд. Гэтэл нэг нь төрийн өмнөөс иргэдээсээ уучлал гуйх гэж байхад нөгөөх нь хачирхмаар “ёс суртахуун” үзүүлж огтхон ч гэмшил үзүүлэлгүй, харин ч хэвлэлүүдээр хааяа нэг үг унагаахаараа биеэ өмөөрсөн, түмнийг тавласан утгатай үг унагаад л явж байдаг.
Онц штаб удирдаж байсан хүнийхээ хувьд ч тэрээр амиа алдсан таван хүний ард сэтгэлдээ гүн шархтай үлдсэн ар гэр, Монголын нийгмийг тэр аяар нь эзэлсэн айдас хүйдсийг өнөөг хүртэл огтхон ч тоолгүй алхаж яваа нэгэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ