Хүн зодож, тендер шүүрч, хуулийг тохуурхагч хятад эр

Гэмт хэргийн ертөнцөд үе үе “сайн эрчүүд” тодордог. Хууль хяналтынхантай холбоо сүлбээ сайтай нэг нь хийсэн хэрэг нь олонд ил ч хэсэгтээ л хуулийн гадуур манаргадаг. Гэвч буруу явдал эзнээ заавал буланд шахдаг нь жам хойно тэд ямар ч арга зальтай байсан нэг л өдөр үнэнд гүйцэгддэг.

Тэдэн дунд хятад, солонгосын арга зальтай этгээдүүд байх нь элбэг. Тэдний нэг болох “Сарьдаг Өндөр” ХХК-ийн захирал Бай Жи Дун гэдэг “шинэ цагийн шилийн сайн эр” үнэнд гүйцэгдэх аваас нэлээд дуулиан дэгдэж мэднэ.

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын дундуур өөрт нь залилуулсан монгол эмэгтэйг тэрээр оффистоо дуудаж аваачин зодсон, “Хөх монгол” бүлгэмийн залуус очоогүй бол яаж ч мэдэх байсан гэх мэдээ хэвлэлээр цацагдаад өнгөрсөн.

Хохирогч эмэгтэйгээс их хэмжээний мөнгө зээлэх нэрээр хуурч мэхлэн аваад хэдэн жил ороолсон тэрээр “Чи наад хохирлоо иргэний журмаар нэхэмжил” хэмээн дарамталж, хуулийн зөвлөхтэйгээ нийлж байгаад зодож нүдэн сэтгэл санааны гүн хямралд оруулсан байдаг.

Түүнээс гадна зээлийн барьцаанд үлдээсэн хоёр чингэлэг бараагаа булааж авахаар хохирогч эмэгтэйн эзэмшил хашаа руу нь хүч түрэн дайрч, тарьсан ногоо суулгацыг нь талхалж хаяснаа одоо болохоор тийм чингэлэг энэ тэрийг мэдэхгүй гэж бухаж бултаж байгаа гэх.

Гэтэл нөгөө хоёр чингэлэгний жинхэнэ эзэн нь бас зальдуулсан, машин тэргээрээ хүртэл хохирсон гэх гомдлоо Сонгинохайрхан дүүрэгт шалгуулж байгаа аж.

Тэнд болохоор “Сарьдаг өндөр” ХХК-ийн захирал Бай Шо Дун нэрээр гомдол ирснээс үзвэл нэрээ өөрчилж залилан хийх нь түүний гаршсан ажил бололтой.

Түүнд залилуулж хохирсон хүмүүс, байгууллага цөөнгүй. “Лут чулуу”, “Би Эс Глобал” компаниудад их хэмжээний өглөгтэй, татварын өрөө төлөөгүй зэрэг шалтгаанаар нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан өчнөөн дүүрэгт түүний нэр дээр гомдол санал ирж, хэд хэдэн газар шалгагдаж, бүр эрэн сурвалжлагдаж байхдаа Баян-Өлгийд тендерт ялсан шигээ яваа энэ хятад эрийн хэрэг саяхнаас УМБГ-т нэгтгэгдэн шалгагдаж эхэлжээ.

Заримдаа Бай Жи Дун, заримдаа Бай Луо Дун нэрээр хэл ам татлаж явдаг “шинэ цагийн шилийн сайн эр”-ийн хэрэг одоо л нэг шударгаар шийдэгдэх болов уу хэмээн хүлээх л үлдлээ.

Манай хууль хяналтынхан энэ удаад хариуцлагатай, анхааралтай байж Бай Жи Дун гэгч эрийн гэмт үйлдлийг таслан зогсоохгүй бол эрүүгийн үйлдлээ иргэний хэрэг болгож, улмаар хариуцлагаас бултах аргыг сайтар эзэмшсэн нэгэн зальдагч та бидэнд “хуулийн хичээл” зааж, тэр болгонд нь жирийн монгол иргэд хохирч, харин зальтай эр “Сарьдаг өндөр”-ийн оройгоор салхи татуулан дураар жиргэсээр байх бололтой байна шүү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ