Төмөр замын бодлогыг хэлэлцлээ

Монгол Улсын дэд бүтцийн чухал салбар болох төмөр замын үүсэл хөгжил, өнөөгийн бодит байдал, ойрын болон алс хэтийн хөгжлийн талаар бодлого боловсруулагчид, салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид хамтдаа шүүн хэлэлцэж, мэдээлэл солилцох зорилго бүхий “Монголын төмөр замын хөгжлийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр /наймдугаар сарын 21/ Төрийн ордны хуралдааны Б танхимд боллоо. Монголын төмөр замын хөгжлийн асуудлыг тал бүрээс нь шинжин хэлэлцсэн энэхүү хурлыг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан УИХ-ын Дамжин өнгөрөх тээвэр, логистикийн бодлого тодорхойлох ажлын хэсэг, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Их Британий Кембриижийн их сургууль, Монголын төмөр замын инженерүүдийн холбоо гэсэн дөрвөн байгууллага хамтран зохион байгуулсан юм.

Бага хуралд Улсын Их Хурал, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, шинжлэх ухааны байгууллагууд, мэргэжлийн холбоод, салбарын аж ахуйн нэгжүүд зэрэг 30 гаруй байгууллагын 150 орчим төлөөлөгчид оролцож, Стратегийн судалгааны хүрээлэнгээс Монгол Улсын тээвэр, логистик, ялангуяа төмөр замын тээврийн салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжил, улс орны хөгжилд төмөр замын гүйцэтгэх үүргийг бусад улсын жишээгээр өгүүлж, Британий академийн шугамаар ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Их Британий Кембрижийн их сургуультай хамтран Монголын уул уурхай, төмөр замын геополитикийн чиглэлээр хийж буй судалгааны зарим ажлынхаа талаар илтгэл тавилаа.

Ази, Европыг холбосон төмөр замын хамгийн дөт замнал манай улсаар дамжин өнгөрдөг бөгөөд цаашид газарзүйн байрлалынхаа давуу талыг ашиглан хөрш хоёр улс, тухайлбал байгалийн асар их баялагтай Сибирийн бүсийг БНХАУ-ын аж үйлдвэрийн раойнуудтай холбох эдийн засгийн харилцааны гол гүүр болох бодлогыг тууштай баримтлах замаар тээврийн дэд бүтэц, нефть, хийн хоолой, холбооны болон эрчим хүчний сүлжээний томоохон төслүүдийг хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн бүсүүд бий болгох, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох, бүс нутагтаа тээврийн сүлжээний нэг гол зангилаа болж улс орны эдийн засгийн өсөлтөд тодорхой хувь нэмэр оруулах асуудал чухлаар тавигдаж байна.

УИХ-аас баталсан Төрөөс төмөр замын тээврийн талаар болон Иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогын баримт бичгүүдэд дотоодын нэгдсэн сүлжээг бий болгох, ойрын болон дунд хугацаанд хийх ажлуудыг голчлон тусгагсан юм. Засгийн газраас 2008 онд “Транзит Монгол Үндэсний хөтөлбөр” батлан хэрэгжүүлж байгаа боловч уг хөтөлбөр нь худалдаа, тээврийг хөнгөвчлөхөд чиглэгдсэний дээр 2015 онд дуусгавар болох юм.

Манай улсын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд гадаад орон, олон улсын байгууллагуудтай дамжин өнгөрөх тээвэр, холбоо болон цахилгаан дамжуулах шугам, хоолойн тээврийн асуудлаар нэгдсэн бодлого, чиглэлтэйгээр харилцах, түүнийг ажил хэрэг болгох үүднээс урт хугацаанд төрөөс баримтлах бодлого боловсруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа тул УИХ-ын даргын захирамжаар нийт 11 гишүүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийг томилон ажиллуулж байгаа юм. Өнөөдөр зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хурал нь энэхүү Ажлын хэсгийн үйл ажиллагааны хамрах хүрээний нэг чухал асуудал болох Монгол Улсын төмөр замын тээврийн талаар хийгдэж буй ажил, дамжин өнгөрөх тээврийн асуудал, бусад улсын туршлагын талаар мэргэжлийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид мэдээлэл өгөх, санал бодлоо чөлөөтэй солилцох боломж олгож байгаа бөгөөд төмөр замын хөгжлийн асуудлуудыг тал бүрээс нь шүүн хэлэлцэх нь төрийн бодлогыг оновчтой болгоход тодорхой үр дүнгээ өгөх чухал ач холбогдолтой юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин