Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.07.16) хуралдаан 57 хувийн ирцтэйгээр 12 цаг 53 минутад эхэлж, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.
Үндсэн хуулийн цэц 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 4, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тус хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон юм.
Ийнхүү Үндсэн хуулийн цэц Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд … нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь … аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байна хэмээн дүгнэжээ. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд … нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчөөгүй байна гэжээ. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд … нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлсүгэй гэжээ.
Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хэлэлцсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ц.Гарамжав нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг байр суурийг илэрхийллээ.
Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн юм. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ