БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Ламыг хүлээн авч уулзав
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх нарын урилгаар энэ сарын 9-12-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байгаа Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Ламыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён То Лам айлчлалынхаа хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс-БНСВУ хоорондын гэрээ, Дотоод хэргийн салбарын бусад чухал баримт бичгүүдийг үзэсэглэсэн зэрэг нь цаашдын хамтын ажиллагаа улам идэвхжих суурь болж, айлчлал үр дүнтэй, халуун дотно үргэлжилж буйд талархал илэрхийлэв.
Мөн энэ жил тохиох Вьетнам, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг ард түмэн, төр засгийн хүрээнд тэмдэглэх гэж буйд баяртай байгаагаа, мөн найрамдалт харилцаа тогтоосноос хойш бүхий л түвшний харилцаандаа хүндэтгэлтэй, сэтгэл хангалуун явж ирснээ илэрхийлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ноён То Ламыг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлсэн, шат ахисан айлчлал боллоо хэмээн дүгнэв.
Мөн айлчлалын үеэр Үндэсний их баяр наадам болж байгаа тул Монгол Улсад тухтай саатаж, наадмын өнгө төрхөөс монголчуудын талаар илүү их танин мэдэх нь хамтын ажиллагаанд эерэг нөлөөтэй хэмээн баяр наадмыг үзэж сонирхохыг урилаа. Ноён То Лам мөн монголчуудын Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр эхэлж байх үеэр айлчилсан нь аз завшаан гээд нам төр, засгийн удирдлагуудынхаа нэрийн өмнөөс Үндэсний их баяр наадмын мэнд хүргэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ