Терроризмтой тэмцэх тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин өргөн барилаа.
Терроризмтой тэмцэх асуудлаар нийт 19 олон улсын гэрээ, баримт бичиг байдгаас Монгол Улс нийт 13 олон улсын гэрээнд нэгдэн орсон байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад терроризмтой тэмцэх чиглэлээр Терроризмтой тэмцэх тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Засгийн газрын 2019 оны 54 дүгээр тогтоолоор баталсан “Террорист этгээдийн жагсаалтад оруулах, жагсаалтад орсон этгээдийн хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох, хянах журам” зэрэг хэд хэдэн хууль, эрх зүйн акт хүчин төгөлдөр үйлчилж байна. Цаашид Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тогтолцоо, түүний үйл ажиллагааг сайжруулах, терроризмтой тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх хүрээнд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага үүссэн учраас уг хуулийн төслийг боловсруулсныг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Терроризмтой тэмцэх хорооны Гүйцэтгэх зөвлөлийн Ажлын хэсэг (2014 он), Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллага /APG/ (2016 он), Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/ зэрэг олон улсын байгууллагууд манай улсад үнэлгээ хийж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд илэрсэн сул тал, дутагдлыг тодорхойлж, зөвлөмж гаргасан байна. Эдгээр байгууллагуудын зөвлөмжийн хүрээнд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага үүсчээ.
“Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” хуулийн төсөл 6 бүлэг, 26 зүйлтэй бөгөөд дараах асуудлуудыг зохицуулахаар тусгажээ. Үүнд,
- Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх төрийн бодлогын нэгдмэл байдлыг хангах;
- Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмоос урьдчилан сэргийлэх, террорист үйлдлийг таслан зогсоох;
- Хориг арга хэмжээг хэрэгжүүлэх журам, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эрх зүйн үндсийг тогтоох;
- Үйл ажиллагааны зарчим, үндсэн чиглэл, зохион байгуулалтын үндсийг тогтоох.
Өнөөдрийн байдлаар гадаад террорист дайтагчид буюу эх орноо орхин террорист бүлэглэлд нэгдсэн 50 мянга орчим хүн Афганистаны хойд бүс нутагт байрлаж, улмаар төв Азийн бүс нутгаар дамжин бусад улс руу нэвтрэх, суурьших, террорист халдлага үйлдэх эрсдэл нэмэгдэх болсон байна. Үүнээс сэргийлэн бүс нутгийн ихэнх улс өөрсдийн терроризмтой тэмцэх тухай хууль тогтоомжийг шинэчилж, эдгээр гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг сайжруулж, үндэсний чадавхаа бэхжүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ