"Наадмын нээлтийг орой нь орчуулгатайгаар жуулчдад хүргэнэ"
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. Энэ жил 3500 жуулчинд нээлт үзэх тасалбар олгож байгаа юм байна. Одоогоор нийслэлийн Аялал жуулчлалын газарт 10000 жуулчин нээлт үзэх саналаа ирүүлсэн гэнэ. Харин манай Төв цэнгэлдэх хүрээлэн 13500 хүний суудалтай тул хүсэлт ирүүлсэн бүх жуулчинд тасалбар өгөх боломжгүйг хэлэв. Тэрбээр, “Хүсэлт ирүүлсэн бүх жуулчинд тасалбар өгвөл Монголчууд өөрсдөө наадмынхаа нээлтийг үзэж чадахгүйд хүрнэ. Тиймээс жуулчдад 3500 тасалбар өгсөн. Одоогийн цэнгэлдэхээс хэд дахин том цэнгэлдэхтэй болсноор энэ асуудал шийдэгдэнэ. Тэгэхээр ойрын хоёр, гурван жилдээ ингэж аргалахаас өөр арга алга. Харин манай яамнаас наадмын нээлтийг орой нь дахин орчуулгатайгаар жуулчдад зориулан хүргэхээр зорьж байна. “Naadam night” гээд жуулчдад зориулсан тусгай арга хэмжээ болно.
Өглөө нь тасалбаргүйн улмаас нээлтэд орж чадаагүй жуулчин орой нь орчуулгатайгаар нээлтээ үзэх боломж олгож байгаа юм. Бас бүсийн наадмуудад ихээхэн дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Жуулчид нийслэлд наадам үзэж чадаагүй бол бүсүүдийн наадмыг сонирхох боломжтой. Харин наадмын тасалбарын тухайд аялалын компаниуд үйлчилгээ, хөтөлбөр гээд багцаар нь зардаг тул жуулчдад үнэтэй мэтээр ойлголт төрдөг. Тэр бол аялалын компани, жуулчин хоёрын тохиролцоод бий болсон зүйл” гэсэн юм.
Манай улс 2020 онд сая жуулчин хүлээн авах зорилготой. Ингэхийн тулд жил бүр жуулчдын тоог 30 хувиар нэмэгдүүлэхийг зорьж буй. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар гэхэд жуулчдын тоо 10 хувиар өссөн байна. Жуулчид наадмын үеэр ихээхэн ирдэг энэ сард жуулчид авах зорилт биелэнэ гэж салбар яамнаас мэдээллээ. Харин жуулчин авахад Монгол Улсад хоёр бэрхшээл байгааг БОАЖЯ-ны Аялал жуулчлал, бодлогын зохицуулалтын газрын дарга С.Баясгалан хэллээ.
Нэгдүгээрт, агаарын тээврийн орцын асуудал хүртээмжгүй байгаа байдал. Үүнийг нэмэхгүйгээр жуулчны тоо нэмэгдэх боломжгүй гэнэ. Хоёрдугаарт, визний асуудал. Одоогоор 20 орчим улсын иргэд визгүй зорчиж байгаа. Визийг хилийн ойролцоох газарт олгох зохицуулалт хийх хэрэгтэй байгааг хэлээд салбар яамнаас асуудлыг зохицуулахаар ажиллаж байгаагаа учирлав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ