Үндсэн хуулийн цэц хуралдана
Өнөөдөр 09.30 цагаас эхлэх ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН дунд суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хэрхэн тооцож ногдуулах, төлбөрийн хэмжээ нь ямар байх, нэмэлт төлбөрийн хувийг хэрхэн тодорхойлох зэрэг зохицуулалттай холбоотой заалтууд Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэнэ.
Эдгээр заалтууд Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцээгүй, иргэдэд дарамт учруулсан, нийгэм, эдийн засгийн хөгжилд саад болсон, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хаасан, давхар татвар ногдуулсан зохицуулалт болсон байна гэсэн мэдээллийг нэр бүхий иргэн Цэцэд ирүүлсэн билээ.
Мөн заалтууд Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 /Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна/, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг / Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна/ зөрчсөн гэж иргэн үзсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ