Т.Аюурсайхан: Хар тамхины наймаатай холбоотой 36 төрийн албан хаагчийн нэрийг гаргасан
УИХ дахь “Баялагтаа эзэн Монгол” лобби бүлгийн гишүүд болох Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Хурлын эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хулгайд алдагдсан стратегийн ордыг эргүүлэн авахаар бид нэгдсэн. Жил зургаан сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бид хууль хяналтын байгууллагыг МАНАН мафиас салгаж, 60 тэрбумын схемийг зохион байгуулсан М.Энхболдыг огцруулж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Энэ схемийг хамгаалдаг байсан АТГ-ын удирдага, прокуроруудыг бид өнгөрсөн жил сольж чадсан. Үүний хүчинд Ц.Нямдоржийн хэлсэнчлэн бидний эцэг, мафийн толгойлогч хоригдож байна.
Нэр бүхий шүүгч нарыг нэн даруй өөрчлөх ард түмний хүсэлтийг ҮАБЗ-д өгнө
Өнөөдөр томоохон хэргүүд боогдоод шүүх рүү шилжиж байна. Алдагдсан олон ордыг ард түмэндээ эргүүлэн авчрах ажлыг дэс дараатай хийж байна. Эрдэнэт 49, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурлыг шүүсэн шүүгч нарыг солихоос нааш асуудал цэгцрэхгүй. Тиймээс бид ингээд хараад сууж тэсэхгүй нь. Нэр бүхий шүүгч нарыг ажлыг нь өгүүлэх талаар иргэдтэйгээ жагсаал хийх шаардлагатай болох нь.
Хар тамхины наймааны ард 4 үсэгтэй генерал байна гэдэг мэдээлэл, баримттайгаа ирсээр байна” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан шүүгч нарыг томилох, огцруулах эрхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өгсөн учраас нэр бүхий шүүгч нарыг нэн даруй өөрчлөх ард түмний хүсэлтийг ҮАБЗ-д өгөхөөр болсон талаараа хэлж байна. Мөн хар тамхины хэргийг ирэх долоо хоногт нээлттэй хэлэлцэх бөгөөд хар тамхитай холбоотой 36 төрийн алба хаагч, тусгай алба хаагч, дипломат алба хаагчийн нэрсийн жагсаалт гаргаж, цэвэрлэгээ хийнэ гэдгээ ч илэрхийллээ. Төрийн албанд ажилладаггүй хэр нь дипломат пасспорттой 58 иргэн байгааг ч хэлж байна.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Шууд дамжуулж буй бичлэгийн дор бидний алиа салбадай, зохион байгуулалттай ажил хийж байна гэж байна. Гэтэл бидний тэмцлийн хүчээр шүүх, прокурорынхон хариуцлагажиж байгаа талаар хэлж байна. Цаашид гэм зэмгүйгээр хоригдсон хүмүүсийн гэм буруугүйг тогтоох ажиллагаа хийх нь бидний бас нэг зорилго" гэв.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "30 хэмийн хүйтэнд 30 мянгуулаа цугласан хоёр удаагийн жагсаал болоогүй бол өнөөдрийн тэмцэл ордны хананд цуурайтаат өнгөрөх байсан. Баяр наадам болох гэж байгаа учраас үүнийг далимдуулан олон муухай зүйл хийдэг жишиг байдаг. Бид уйдаж, өрөвдөж, тэмцлээ сулруулж болохгүй. Бид хамтдаа жилийн хугацаанд эхлүүлсэн томоохон хэрэг шүүхийн шатанд явна. МАНАН мафийн төлөө өөрийгөө золиосолдог хүмүүс байна. АТГ, ТЕГ-т Стандарт банкинд хураагдсан хөрөнгийн жагсаалтыг ард түмэнд ил болгох албан бичгийг илгээж байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ