АТГ-аас Ш.Батхүүгийн гэх 52 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилжээ
Авлигатай тэмцэх газраас "Жаст"-ын Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гадны "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Харин саяхан Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас зээлсэн өрийг нь багасгаж, 40 сая ам.долларыг "Эрдэнэт" үйлдвэрийн Эрсдлийн сангаас төлсөн байдаг. Тус үйлдвэрийн удирдлагууд болон Засгийн газрын зүгээс дээрх мөнгийг "Жаст"-ын Ш.Батхүүгээс ямар нэгэн хэлбэрээр гаргуулж авахаа удаа дараа илэрхийлсэн билээ.
Тэгвэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд "Жаст"-ын Ш.Батхүүгийн гэх 52 тэрбум төгрөгийг битүүмжилсэн талаар Авлигатай тэмцэх газраас албан бичгээр мэдэгджээ. Энэ талаар өнөөдөр /2019.06.19/ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Стандарт банкинд шилжүүлсэн 40 сая ам.долларын баримт нь бий. Энэ мөнгийг Ш.Батхүүгээс гаргуулж авна. Саяхан АТГ-аас надад албан бичиг ирүүлсэн. Тэрхүү бичигт Ш.Батхүүгийн гэх 85-87 тэрбум төгрөгийн хөрөнгө бий. Одоогоор 52 тэрбум төгрөгийн хөрөнгийг нь тогтоож, битүүмжлээд байна гэсэн" гэх тайлбарыг өглөө.
"Эрдэнэт" үйлдвэрийн Эрсдлийн сангаас гаргасан 40 сая ам.долларыг Монгол мөнгөнд хөрвүүлбэл ойролцоогоор 110 тэрбум төгрөг болно. Харин хуулийн байгууллага одоогийн байдлаар "Жаст"-ын Ш.Батхүүгийн гэх 52 тэрбум төгрөгийн хөрөнгийг тогтоож, битүүмжлээд байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ