У.Хүрэлсүх: Утаа багасахгүй бол хариуцлагыг Хотын даргатай яриарай
Засгийн газраас утаа, агаарын бохирдлыг багасгах зорилгоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ахуйн зориулалтаар хэрэглэх түүхий нүүрс оруулахыг хориглож, гэр хорооллын өрхүүдийг түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэрийг гаргасан билээ. Засгийн газрын энэхүү шийдвэр өнгөрсөн сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2019.06.18/ Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн дэргэдэх “Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Засгийн газрын шийдвэр албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Ажлын маань үр дүн удахгүй гарна. Ирэх долоодугаар сарын 1-н гэхэд бүх үр дүн гарах ёстой. Монгол Улсын Засгийн газар шаардагдах бүх ажлыг нь шийдэж өглөө. Хөрөнгө, мөнгөнөөс эхлүүлээд тээвэрлэлтийнх нь асуудлыг шийдэж өглөө. Үйлдвэрийг нь барьж өглөө. Тодорхой хэмжээнд зохион байгуулалтыг нь хийж өглөө. Одоо бол сайжруулсан шахмал түлшийг цэгүүдэд түгээх ажил л үлдсэн. Энэ ажлыг Н.Цэрэнбат сайд болон Хотын дарга С.Амарсайхан хариуцна. Үүнийг албан ёсоор хэлж байна. Одоо ажлаа хийцгээ. Тиймээс өвөл утаатай байх эсэх нь Хотын даргын гарт шилжсэн. Нийслэлийн гарт шилжсэн. Ард иргэд өвөл утаатай байвал Хотын даргатай ярь. Ерөнхий сайдын хувьд албан ёсоор анхааруулж байна. Засгийн газар хийх ажлаа хийсэн. Одоо шат шатандаа ажлаа хариуцаж, амьдралаа өөд нь татна" хэмээн онцоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ