Монгол улс, Япон улсын гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийв
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 16-ны өдөр Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Конотой албан ёсны хэлэлцээ хийв.
Талууд ардчилал, хүний эрх, эрх зүйт төр, зах зээлийн эдийн засгийн нийтлэг үнэт зүйлсдээ тулгуурлан Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэхийн чухлыг нотолж, улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалахын яриа хэлэлцээ бүх түвшинд бэхжиж, стратегийн болон бодлогын зөвлөлдөх уулзалтууд тогтмолжиж буйг дурдав.
Сайд Д.Цогтбаатар Монгол Улсын тогтвортой хөгжлийг дэмжиж, эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэн бүтцийг төрөлжүүлэхэд Япон Улсын Засгийн газар сэтгэл харамгүй дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн 1 дүгээр шатыг амжилттай хэрэгжүүлснийг тэмдэглээд, хоёр дахь шатны санхүүжилтийг ойрын хугацаанд олгоход дэмжлэг хүсэв.
Монголын тал Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр үр дүнгээ өгч эхэлж буй гээд энэхүү хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд холбогдох дэд хороодын хуралдааныг хийх санал тавилаа. Гадаад хэргийн сайд Т.Коно хоёр орны худалдааг хоёр урсгалд тэлэх шаардлагатай байгааг дурдаад цаашид энэ чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
Монголын тал Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламжийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж ирсэн “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай иенийн зээл” төслийн дараачийн шатыг хэрэгжүүлэх хүсэлт тавив.
Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал”-ын концессын гэрээ байгуулах яриа хэлэлцээ амжилттай болж, талууд зарчмын тохиролцоонд хүрээд буйг хоёр тал сайшааж, нисэх онгоцны буудлыг ойрын хугацаанд ашиглалтад оруулах талаар эрчимтэй ажиллахаар тохиров.
Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламжаар баригдсан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харъяа Монгол, Япон сургалтын эмнэлгийн нээлтийн ёслолд оролцож байгаадаа Сайд Т.Коно баяртай буйгаа илэрхийлж, монголын тал энэхүү эмнэлэг нь манай анаагах ухааны салбарын хүний нөөцийн хөгжилд үнэтэй хувь оруулахыг талархан тэмдэглэв.
Манай тал Монгол Улсын мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт Японы техникийн хамтын ажиллагаа, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бүс нутгийн тээвэр, логистик, эрчим хүчний сүлжээг сайжруулахад чиглэсэн санаачилгууд, хөрөнгө оруулалтын төслүүдэд оновчтой байдлаар оролцох сонирхолтой байгаагаа нотоллоо.
Энэ оны 4 дүгээр сард Монгол Улсаас Япон Улсад ур чадвартай ажилтан илгээх тухай хамтын ажиллагааны баримт бичгийг хоёр тал байгуулсныг сайшааж, цаашид тууштай хэрэгжүүлж ажиллахаар болов. Хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын Консулын анхдугаар зөвлөлдөх уулзалтыг энэ оны 7 дугаар сард зохион байгуулахаар тогтлоо.
Монгол Улс, Япон Улсын хооронд “Соёлын харилцаа тогтоох тухай тохиролцоо” байгуулсны 45 жилийн ойн энэ онд тохиож буйг талууд тэмдэглэж, уг ойн хүрээнд болон 2020 оны Токиогийн Олимп, Паралимпийн наадмыг угтаж, соёл, урлаг, биеийн тамир, спортын солилцоог өргөжүүлэхээр ярилцлаа.
Сайд Т.Коно Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож буйг Япон Улсын Засгийн газар өндрөөр үнэлдэгийг тэмдэглээд энэ хүрээнд манай Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Энэ удаагийн “Хааны эрэлд 2019” олон улсын хамтарсан хээрийн сургуулилтад Япон Улсын Хуурай замын Өөрийгөө хамгаалах хүчнийхэнээс өнөөг хүртэлх хамгийн өргөн буюу 60 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож буйг мөн тэмдэглэв.
Талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч энэ чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгааг нотолж, бүс нутаг, олон улсын талбар дахь хоёр талын болон олон талт хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлж ажиллахаар тогтов. Яриа хэлэлцээ илэн далангүй, найрсаг уур амьсгалд болж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ