Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны хамтарсан сургуулийг нээж үг хэлэв
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч, адмирал Филипп Дэвидсон, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуульд оролцож буй орнуудын Элчин сайд нар зэрэг албаны хүмүүс оролцлоо.
“ХААНЫ ЭРЭЛД” ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ ОЛОН УЛСЫН СУРГУУЛИЙГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:“
Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
“Хааны эрэлд-2019” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд оролцохоор ирсэн дайчид аа,
Та бүхний амрыг эрж, Монгол оронд тавтай морилохыг урья.
Энхийг сахиулах ажиллагаа нь зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох, энгийн ард иргэдийг хамгаалах, байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутагт аврах, хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх, сэргээн босгох ажиллагаануудыг явуулахад чухал хэрэгслүүдийн нэг хэвээр байсаар байна.
Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн, энхийг эрхэмлэгч улсын хувьд 2002 оноос эхлэн Зэвсэгт хүчнээ энхийг сахиулах ажиллагаанд оролцуулж, өнөөдрийг хүртэл нийтдээ 17 мянга гаруй цэргийн алба хаагч олон улсад үүрэг гүйцэтгэжээ.
Энхийг сахиулах нь цэрэг эрсээс бэлтгэл сургуулилалт, тэсвэр тэвчээр, эр зориг, авхаалж самбаа, ур чадвар шаардсан хүнд ажил юм аа. Энхийг сахиулах бие бүрэлдэхүүн бэлтгэл сургуулилалт тогтмол хийх нь эрсдэлт нөхцөлийг гарз хохирол багатай даван туулах нөхцөл болсон үүрэг гүйцэтгэх чадварыг эрс сайжруулдаг төдийгүй хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлдэг олон талт ач холбогдолтой юм.
Энэ удаагийн “Хааны эрэлд-2019” олон улсын сургуулийг Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал болон “Дэлхийн энхийн төлөө санаачилга” хөтөлбөртэй хамтран зохион байгуулж байгаа юм. Уламжлалт цэргийн сургууль энхийг сахиулагч Та бүхний мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалт, мэдлэг дадлага, туршлага, тэсвэр хатуужлыг дээшлүүлэхэд өгөөж өгнө гэдэгт итгэлтэй байна.
Ингээд 17 дахь удаагийн Хааны эрэлд олон улсын сургуульд оролцохоор хүрэлцэн ирсэн цэнхэр дуулгатан дайчдаддаа амжилт хүсье.
Даян дэлхийд энх тайван бэхжиж, үндэстнүүд амгалан байх болтугай” гэлээ.
17 дахь удаагийн “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийг Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал (USINSDOPACOM)-ын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга” (GPOI) хөтөлбөртэй дөрөв дэх удаагаа хамтран зохион байгуулж байна.
Энэ удаагийн сургуульд 38 орны 1700 гаруй цэргийн алба хаагчид оролцож байгаагаас Бүгд Найрамдах Бенин улс, Бүгд Найрамдах Замби улс, Бүгд Найрамдах Молдова улс, Бүгд Найрамдах Руанда улс, Бүгд Найрамдах Того улс, Йорданы Хашимитын Хаант улс зэрэг 7 орон анх удаагаа оролцож байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ