АТГ-ын бүтэц, орон тоо, цалинг шинэчилнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын бүтэц, орон тоо, цалинг шинэчлэх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Би АТГ орон тоо нэмье гэж оруулж ирж байгаад гайхаж байна. АТГ бол авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэх болохоос эдийн засгийн гэмт хэрэг рүү түлхүү орсон байна гэдэг иргэдийн шүүмжлэлийг би дэмжиж байгаа. Хамгийн том бүтэц нь мөрдөн шалгах хоёр, тусгай хэлтэс гэж орж ирж байна.
АТГ-ын дарга З.Дашдаваа:
-Ажлын ачааллаа тэнцвэржүүлэх үүднээс урьдчилсан сэргийлэх, соён гэгээрүүлэхийн орон тооноос мөрдөн шалгах орон тоо руу татаж ажиллуулж байгаа. Өнөөдрийн байдлаар нэг мөрдөгчид 26 хэрэг ногдож байгаа юм. Ажлын ачаалал өндөр. Нийт 60 орон тоо зөвхөн мөрдөх албаны чиглэлээр нэмэгдэхгүй. Мөрдөн шалгах хэлтэс 42 хүнтэй, дотор нь байдаг ахлах мөрдөгч нарыг алба толгойлуулна. Соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх хэлтсээ бэхжүүлж, энэ чиглэлийн ажлаа хийхэд илүүтэй чиглэнэ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Энэ асуудлыг зарчмын хувьд дэмжиж байна. УИХ-ын харъяа байгууллага цалингийн хэмжээгээ нэмэгдүүлэхээр хяналттай орж ирж байна. Үүний цаана төрийн захиргааны төв байгууллага, төрийн өмчийн газрууд ганц нэг хүнд зориулж, бүтэц өөрчлөх нэрийн дор хүн өөрчилдөг асуудал байна. Бид энэ суурь асуудлыг бодлогын түвшин хийх зайлшгүй шаардлага байна. АТГ бол соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх үүрэгтэй.
Хуульзүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар:
-АТГ-ын чиг үүргийг органик хууль батлан гаргах зорилгоор байгуулсан. Үндсэн хуульд АТГ-ын талаар зүйл заалт байдаггүй. Цаашдаа хүнийг хэлмэгдүүлэх чиг үүрэг олон байгууллагад байх тусмаа эрсдэлтэй. Монгол Улсын хүний эрхийн зөвлөмжид тусгай субьектийн чиг үүрэг явуулдаг байгууллагаа байгуулаач гэдэг.
Ийнхүү гишүүд асуулт тавьж хариулт авсны дараагаар санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар АТГ-ын бүтэц, орон тоо, цалинг шинэчлэх УИХ-ын тогтоолын төслийг батлав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ