"Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлах процесс ирэх аравдугаар сар хүртэл үргэлжлэхээр байна"
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Тус хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн байдал, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах болсонтой холбоотойгоор ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийхдээ “Бүлгийн хуралд оролцсон гишүүд бараг 100 хувийн саналаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэн. Гэхдээ гишүүд 2016 оны МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ард түмний саналыг авна гэж заасныхаа дагуу хэлэлцэх ёстой гэдгийг хэлсэн. Үүний дагуу төслөө хэлэлцээд ард түмний саналаар батлах нь зүйтэй гэж үзлээ. Тэгэхээр энэ процесс бараг ирэх аравдугаар сар хүртэл үргэлжлэхээр байна.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг өнгөрсөн тавдугаар сарын эхээр хэлэлцээд Я.Содбаатар гишүүнээ ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг сар орчим хугацаанд ажиллаад үүнд үнэлэлт дүгнэлт, өгч цаашид юуг анхаарах шаардлагатай байгааг онцолсон. Энэ асуудлыг маргааш Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Байнгын хорооноос тогтоол баталж Засгийн газарт тодорхой чиглэл өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа.
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Үүний дагуу хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Х.Нямбаатар гишүүнээр ахлуулан байгууллаа” гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ